Өнөөдрийн зурхай
Ubfocus

103 сургууль, 207 цэцэрлэгийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй байна

Sarantsetseg
Author
October 15, 2026
2 min read
299 views
103 сургууль, 207 цэцэрлэгийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй байна

Боловсролын салбарын төсөв, хөрөнгө оруулалтын асуудлаарх нээлттэй хэлэлцүүлгээр сургууль, цэцэрлэгийн барилгын насжилт, суралцах орчны аюулгүй байдал, хөрөнгө оруулалтын төлөвлөлттэй холбоотой тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирын мэдээлснээр, барилгын улсын байцаагчийн дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үнэлэгдсэн 103 сургууль, 207 цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсролын 12 барилга байгууламж байна. Эдгээрийг эрэмбэлж, үе шаттайгаар шинэчлэхээр ажиллаж байгаа бөгөөд 2027 онд шинээр сургууль барих 93 төсөл, арга хэмжээ төлөвлөжээ.

Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн 45 дугаар сургуулийн захирал Ц.Пүрэвцэрэн 1956 онд эмнэлгийн зориулалтаар баригдсан тус сургуульд өнөөдөр 1377 хүүхэд суралцаж байгааг танилцууллаа. Тэрбээр барилгын ашиглалтын хугацаа дууссан бөгөөд буулгаж, шинээр барих зураг төсөв бэлэн болсон ч уг ажилд 28.1 тэрбум төгрөг шаардлагатайг онцолжээ.

Мөн Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын 165 дугаар цэцэрлэгийн барилгын ажил 2018 онд эхэлсэн ч зогсонги байдалд орж, энэ оны зургадугаар сараас гүйцэтгэгч компани солигдон ажил дахин эхэлсэн байна. Цэцэрлэгийн эрхлэгч Я.Энхтуул үргэлжлүүлэн барихад шаардагдах хөрөнгө 2027 оны төсвийн төсөлд тусгагдаагүйг анхаарч үзэхийг хүсжээ.

Түүнчлэн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн барилга 1964 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдөр стандартын шаардлага хангахгүй болсон талаар сургалтын менежер Г.Ууганчимэг мэдээлсэн байна. Улсын хэмжээнд энэ чиглэлийн ганц сургууль учраас орон нутаг, алслагдсан дүүргээс хүүхдүүд ирж суралцдаг ч дотуур байргүйгээс сурагчдыг хичээлийн байрны нэг жигүүрт байрлуулж, гурван ээлжээр хичээллэж байгаа аж.

Хэлэлцүүлэгт оролцсон сургуулийн удирдлагууд суралцах орчны аюулгүй байдал, анги танхимын хүрэлцээтэй холбоотой асуудлуудыг мөн хөндлөө. Тухайлбал, нийслэлийн 11 дүгээр сургуулийн спорт заалны хана өнгөрсөн сард нурсан талаар захирал Б.Хишигбаяр мэдээлсэн бол 350 хүүхдийн багтаамжтай байранд 2500 хүүхэд суралцаж, 1600 сурагч нь 1.5 километрийн зайтай хоёр түрээсийн байранд хичээллэж байгааг 7 дугаар сургуулийн захирал Д.Дашдорж хэлжээ.

Зайсангийн 32 дугаар сургуулийн бага ангийн түрээсийн байрны санхүүжилт тасалдсанаас халаалтыг нь зогсооход хүрсэн талаар тус сургуулийн захирал Ч.Ундармаа мэдээлсэн байна. Харин Баянгол дүүргийн 100 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Баярцэцэг барилга байгууламж шинээр барихаас гадна сургалтын орчин, стандартын шаардлагыг хангах нь чухал гэдгийг онцолжээ.

УИХ-ын гишүүдийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хүртээмжтэй орчин, хүүхдийн аюулгүй байдал, хүн амын өсөлттэй уялдсан урт хугацааны төлөвлөлт, барилгын засвар үйлчилгээ, ашиглалтын зардлыг бодитоор тооцох шаардлагыг хөндсөн байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг зөвхөн барилгын тоогоор хэмжих бус, хэрэгцээ шаардлагаар нь эрэмбэлэх, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн чанар, хариуцлагыг сайжруулах нь чухал гэдэгт санал нэгдлээ.

Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчдийн гаргасан санал, хүсэлтийг Боловсролыг дэмжих лобби бүлэг дэмжин ажиллана гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах илэрхийлсэн байна.

Энэ талаар Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Related Stories