Холливудын жүжигчин Энн Хэтэуэй болон Дакота Жонсон нарын гол дүрд нь тоглосон сэтгэлзүйн триллер “Verity” кино нээлтийн амралтын өдрөөрөө Box Office-т хүчтэй эхлэл тавилаа.
Тус кино АНУ-ын кино театруудаас 32.6 сая ам.долларын орлого олж, нээлтийн амралтын өдрийн борлуулалтаар тэргүүлсэн байна. Харин дэлхийн зах зээлд олсон орлогыг нэмбэл нийт 62.6 сая ам.долларт хүрчээ.
“Verity” нь зохиолч Коллин Хүүверийн ижил нэртэй бестселлер романаас сэдэвлэсэн бөгөөд зохиолынхоо нууцлаг, сэтгэлзүйн хурц үйл явдлаараа уншигчдын анхаарлыг татаж байсан бүтээл юм.
Кинонд Энн Хэтэуэй алдарт зохиолч Верити Кроуфордын дүрийг бүтээж, Дакота Жонсон түүний гэр бүлтэй холбогдох зохиолчийн дүрд тогложээ. Үйл явдал өрнөх тусам үнэн худал, нууц болон айдас хоорондоо сүлэлдэж, гол дүрийн эмэгтэй өнгөрсөнд болсон учир битүүлэг үйл явдлыг тайлахыг оролддог.
Хоёр алдарт жүжигчний хамтарсан бүтээл ийнхүү Box Office-т өндөр үзүүлэлттэй эхэлсэн нь “Verity”-г энэ улирлын анхаарал татсан триллерүүдийн нэг болгож байна.





