Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн харааны бэрхшээлтэй сурагчдад зориулсан нийт 5000 ширхэг Брайль хөрвүүлэг номыг улсын хэмжээнд хүргэхээр болжээ.
Боловсролын ерөнхий газраас мэдээлснээр, бүрэн хараагүй нэгдүгээр ангийн 30 гаруй хүүхдэд сурах бичгийг шууд олгох юм. Мөн Боловсролын удирдлагын мэдээллийн систем (ESIS)-д бүртгэлтэй, 80-аас дээш хувийн харааны бэрхшээлтэй 803 хүүхдэд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Боловсролын газар, хэлтсээр дамжуулан ном хүргэх аж.
Нэгдүгээр ангийн Монгол хэл, Математик, Нийгмийн ухаан, Байгаль шинжлэл, Дүрслэх урлаг, Хөгжим гэсэн зургаан хичээлийн Брайль хөрвүүлэг номыг тус бүр 833 ширхэгээр хэвлэж, нийт 5000 ширхэгийг сурагчдад хүргэхээр төлөвлөжээ.
Энэхүү ном нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд сургалтын хөтөлбөрийг хүртээмжтэй хэлбэрээр эзэмших, боловсрол эзэмших тэгш боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.





