ОХУ-аас агаарын хөлгийн түлшийг Монгол Улсад хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэх тохиролцоог албажуулжээ.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёв-тэй уулзах үеэр “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурсан байна.
Зам, тээврийн яамнаас мэдээлснээр, уг хэлэлцээрийн дагуу Монгол Улсад онгоцны түлшийг тогтвортой, хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх бөгөөд энэ нь “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай” үндсэн хэлэлцээрийн хамт хүчин төгөлдөр үйлчилнэ.
Ингэснээр Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан газрын тос, шатахууны үнийн өсөлтийн нөлөөг сааруулах, мөн дотоодын хангамжийг тогтворжуулах ач холбогдолтой гэж үзэж байна.





