Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөр өчигдөр тохиосон билээ. Энэ өдөр Монголын парламентын өндөр түвшинд олон жил ажилласан туршлагатай улстөрчдийн нэг Я.Санжмятав Иргэний зориг ногоон намд албан ёсоор элссэн байна.
Тэрээр Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн, байнгын хорооны дарга, аймгийн Засаг дарга зэрэг төрийн бодлогын бүхий л шатанд ажилласан туршлагатай улстөрч юм.
Я.Санжмятав нь 1981 онд Дархан хотын Политехникум, 1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг мал зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Ажлын гараагаа Эрдэнэт үйлдвэрт ажилчин, бригадын даргаар эхлүүлж, улмаар залуучуудын байгууллага, улс төрийн нам, төрийн байгууллагад шат дараатайгаар ажилласан байна.
Тэрбээр Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл, Монголын залуучуудын холбоонд удирдах албан тушаал хашиж, улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байжээ. Дараа нь Ардчилсан намд санхүү, зохион байгуулалтын чиглэлээр ажиллаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын нөөцийн газрын даргаар томилогдон ажилласан байна.
Мөн 2004 оноос эхлэн Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажилласан. Түүнчлэн 2008-2012 онд Завхан аймгийн Засаг дарга, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан бөгөөд 2016 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдон, улмаар УИХ-ын дэд даргын албыг хашиж байв.
Ийнхүү төрийн бодлого, парламентын түвшинд олон жил ажилласан туршлагатай улстөрч Я.Санжмятав Иргэний зориг ногоон намд элссэн нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.




