Өнөөдрийн зурхай
Ubfocus

Бээжинд зохион байгуулсан роботын марафонд дэлхийн дээд амжилт шинэчлэгдэв

Тус тэмцээнд түрүүлсэн хүн дүрст робот 21 км зайг 50 минут 26 секундэд туулж, өмнөх амжилтыг үлэмж хэмжээгээр ахиулсан байна.
Sarantsetseg
Author
April 20, 2026
2 min read
89 views
Бээжинд зохион байгуулсан роботын марафонд дэлхийн дээд амжилт шинэчлэгдэв

БЭЭЖИН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /Kyodo/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ням гарагт болсон хүн дүрст роботууд болон гүйлтийн сонирхогчдын хамтарсан хагас марафон тэмцээний үеэр нэгэн робот дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Тус тэмцээнд түрүүлсэн хүн дүрст робот 21 км зайг 50 минут 26 секундэд туулж, өмнөх амжилтыг үлэмж хэмжээгээр ахиулсан байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард мөн Бээжин хотноо “дэлхийд анх удаа” зохион байгуулсан роботын хагас марафонд түрүүлсэн робот 2 цаг 40 минут 42 секундийн хугацаанд барианд орж байсан нь энэ удаагийн амжилтаас даруй гурав дахин удаан үзүүлэлт байжээ.

Харьцуулбал, Уганда улсын тамирчин Жейкоб Киплимо энэ оны гуравдугаар сард Португалын Лиссабон хотноо болсон хагас марафонд 57 минут 20 секундийн амжилтаар дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.

Энэ удаагийн тэмцээнд оролцсон багуудын тоо эрс нэмэгдэж, өнгөрсөн онд 20 баг оролцож байсан бол энэ жил 100 орчим баг оролцжээ. Хүн дүрст роботууд автомат навигаци болон зайнаас удирдах хосолмол горимоор уралдсан байна.

Гэвч уралдааны эхэнд зарим багт техникийн хүндрэл гарч, хэд хэдэн робот тэнцвэрээ алдан унах тохиолдол ч гарсан байна.

АНУ-тай технологийн өрсөлдөөнд оролцож буй БНХАУ хиймэл оюунд суурилсан хүн дүрст робот, шинэ үеийн эрчим хүчний автомашин зэрэг дэвшилтэт технологийн хөгжлийг бодлогоор дэмжиж буй нь ийнхүү бодит үр дүнгээ өгч эхэлж байгааг шинжээчид онцолж байна.

Related Stories