Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн нээлтийн ёслол өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцон үг хэллээ.
Тэрбээр энэ үеэр эмийн чанар, аюулгүй байдлыг хангах асуудал Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг байсаар ирснийг онцолж, “Хэдэн жилийн өмнө би ‘Монголд эмчийн чадвар биш эмийн чанар дутагдаж байна’ гэж Улсын Их Хурлын индэр дээрээс хэлж байсан” хэмээн дурдав.
Мөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Хүний эмийн чанар, хуурамч болон стандартын шаардлага хангахгүй эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлыг шалгах Түр хороог санаачлан байгуулж ажиллуулсныг дурдаад, уг ажлын хүрээнд Эмийн үндэсний лавлагаа лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал ч багтаж байсныг онцоллоо.
Ерөнхий сайд Н.Учрал “Өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү лаборатори нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үр дүнтэй хамтын ажиллагааны тод жишээ болж байна” гэлээ.
Шинээр ашиглалтад орж буй Үндэсний лавлагаа лаборатори нь эм, эмнэлгийн хэрэгслийн чанарын хяналтыг олон улсын жишигт хүргэхэд чухал хувь нэмэр оруулах юм. Тухайлбал, лабораторийн хүчин чадал эрс нэмэгдэж, жил бүр 4000-5000 дээжид шинжилгээ хийх боломж бүрджээ.
Мөн иргэдэд хүрч буй эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг илүү нарийвчлалтай хянах нөхцөл бүрдэж, хяналт шинжилгээний тогтолцоог олон улсын түвшинд хүргэх суурь тавигдаж байна.
Үүнээс гадна орчин үеийн багаж, тоног төхөөрөмж, дэвшилтэт технологи, шинжилгээний системүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж эхэлсэн бөгөөд салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажлыг давхар хэрэгжүүлж байгаа аж.
Албаныхны мэдээлснээр, цаашид тус лабораторийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх үндэсний хэмжээний лавлагаа төв болгон хөгжүүлж, эмийн чанарын хяналтыг дэлхийн шилдэг стандартын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна.





