Нийслэлийн зам тээврийн осол, түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанаар скүүтер, мопедын үйлчилгээг түр хугацаанд зогсоох асуудлыг хэлэлцжээ.
Учир нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт 2026 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд скүүтер, мопедын хэрэглээтэй холбоотой шинэ зохицуулалтууд мөрдөгдөх юм.
Шинэ хуулиар скүүтер, мопедыг зөвхөн 18 нас хүрсэн иргэн жолоодох, улсын бүртгэлд бүртгүүлэх, үйлчилгээ эрхлэгчид хариуцлагын даатгалд хамрагдах зэрэг шаардлага тавигдаж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас зөвшөөрөл, бүртгэл, даатгал, сургалт зэрэг бэлтгэл ажил бүрэн хангагдах хүртэл скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргажээ.
Харин НИТХ-ын дарга Д.Ихбаяр хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг 14 хоногийн дотор хангаж, төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийг нэг гараанаас эхлүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Тэрбээр мөн долоодугаар сарын 1-нээс эхлэн мопед, скүүтерийг явган хүний замаар зорчуулахгүй бөгөөд шаардлагыг хангаагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг анхааруулжээ.





