Хууль зүйн байнгын хороо үргэлжлүүлэн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах тухай асуудлыг хэлэлцлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийг УИХ-д танилцуулав. Нэр дэвшигчийн танилцуулгыг ШЕЗ-ийн дарга П.Золзаяа илтгэхдээ, сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд явуулсан. 16 хүн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлж, оролцсон, бичгийн шалгалтад 5 хүн тэнцсэн, дараагийн шатанд нэг хүн тэнцсэн нь Т.Өсөхбаяр гэв. Сонгон шалгаруулалт явуулахаас өмнө журмыг шинэчилсэн байсан гэв.
Нэр дэвшигч Төмөрбаатарын Өсөхбаяр нь 1976 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 50 настай, эрэгтэй. Ам бүл 5-уулаа. Тэрбээр 1984-1994 онд Сүхбаатар аймгийн нэгдүгээр бүрэн дунд сургууль, 1995-1999 онд “Их засаг” их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, 2010-2020 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд суралцан хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2000 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2000-2001 онд Нийслэлийн шүүхэд жижүүр, 2001-2003 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2003 онд Улсын дээд шүүхэд нийт шүүгчдийн хуралдааны зохион байгуулалтын асуудал хариуцсан шинжээч, 2003-2006 онд Улсын дээд шүүхэд Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн туслах, 2006-2009 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, 2009-2012 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч, 2012-2013 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, 2015 оноос Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчээр ажиллаж байна. Нэр дэвшигч Т.Өсөхбаяр нь төрийн албанд 26 жил, шүүгчээр 20 жил 1 сар, үүнээс давж заалдах шатны шүүхэд 13 жил 4 сар ажиллаж байгаа. Шүүгчид нэр дэвшигчдийн шалгалтад Т.Өсөхбаяр нь нийт 78.72 оноо авч тэнцэн нэгдүгээрт эрэмбэлэгдсэнийг тогтоолоор баталгаажуулан танилцуулж байна гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, О.Алтангэрэл, Д.Ганбат, Л.Соронзонболд нар асууж, үг хэлсэн. УДШ-ийн шүүгч нь шүүн таслах ажиллагааны туршлагатай байхаас гадна судлаач байх чухал. Шударга шүүхээр шүүлгэх эрхийн хэрэгжилт, шүүгчдийн ачааллыг бууруулах, шүүн таслах ажиллагааг чанаржуулах талаарх гишүүдийн асуултад нэр дэвшигч болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа нар хариулахдаа, улсын хэмжээнд 504 шүүгч ажиллаж байгаа бөгөөд тэдний олонх нь 60 настайдаа тэтгэвэрт гардаг. Дундаж насыг тодорхойлсны үндсэн дээр хүний нөөцөө төлөвлөдөг. Шүүх хуралдааныг заавал танхимд хийхгүйгээр, шийдвэр гаргах олон улсын жишгийг хэрэгжүүлэх боломжтой хэмээв.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг асуулт асуухдаа Хүний эрхийн Үндэсний Комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-д цогцос хадгалах хөргүүр ажиллуулах төсөвгүй зэргийг хөндөж, Зөрчлийн мэдээллийн систем ажиллуулах асуудлыг тодрууллаа.
Өнөө жилийн нийт суурь зарлагын хэмжээ өмнөх оноос 2.6 их наядаар нэмэгдэхээр төсөлд тусгагдаж, зориулалтынх нь дагуу зарцуулах төсөөлөлтэйг Сангийн яамны төлөөлөл онцлов. Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүргүүлсэн илтгэлд тусгасан санал, зөвлөмжийн хүрээнд цогцос хадгалах байрын хөргүүрийг шийдвэрлүүлэхээр төсөвт тусгуулахаар санал өгч, 21 аймгийн эмнэлэг, сумд хамтран ажиллахаар зохицуулж байгаа гэж Шүүх шинжилгээний ерөнхий газраас хариуллаа. Харин УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Шүүхийн тухай хуулийн 46.8 дахь заалтын хэрэгжилт, Хүүхэд, гэр бүлийн шүүх шинээр байгуулахтай холбоотой төсөв тусгасан эсэх, ХЭҮК Улаанбаатар хотод Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулах НҮБ-ын өмнө өгсөн Монгол Улсын амлалт биелэгдэхүйц санхүүжилт тусгагдсан эсэх, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, тэтгэвэр нэмэх боломж, тамхинд ногдох татварын талаар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, цагдаагийн алба хаагчдын цалинг холбогдох сайдынх нь шаардлагагүй зардлаас шилжүүлэх байдлаар нэмэх санал хүргүүлсэнээ тодруулав.
Тэдний асуултад Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гишүүдийн хариулахдаа, төсвийн төсөөллийг улс төрөөс ангид байлгаж, бодлогын, стратегийн ач холбогдолтой, зайлшгүй зардлуудаа санхүүжүүлэхээс өөрөөр зардлыг нэмэх боломжгүйг тайлбарлаж байлаа. Тэрбээр 2027 онд улсын төсвийн санхүүжилтээр шинэ бүтээн байгуулалт хийх боломжгүй. Үүнд НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал ч нөлөөлж буйг үгүйсгэсэнгүй. Түүнчлэн орон нутгийн төсөв улсын төсвөөс давж эхэлсэн, төрийн өмчит компаниудын өр, авлага ихэссэн байгаа тул арга хэмжээ авч, эрх зүйн зохицуулалтаар яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Эдийн засгаа тэлж, шинэ хөрөнгө оруулалт, шинэ арга замыг эрэлхийлэхгүй бол бүх зүйл тулчихлаа гэсэн хариуг өгсөн юм.
Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг хуралдаан даргалагч Л.Соронзонболд холбогдох байнгын хороодод биечлэн танилцуулахаар болсноор хуралдаан 18.20 цагт өндөрлөв





