Нийслэлийн Онцгой комиссын 2026 оны анхдугаар хуралдаанаар үерийн эрсдэл, хүүхдийн аюулгүй орчны асуудлыг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын үерийн байгууламжийн 70 хувь нь насжилт хэтэрсэн бөгөөд борооны ус зайлуулах шугамын ихэнх нь 1990 оноос өмнө баригдсан байна. Энэ жил хур тунадас олон жилийн дунджаас их орох төлөвтэй байгаа тул үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр болжээ.
Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд ус ихээр тогтдог 41 байршилд 60 мотопомп байрлуулж, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй 2000 орчим айл өрхийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Мөн үерийн хамгаалалтын далан, авто замын ус зайлуулах шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх ажлыг эрчимжүүлэхээр болжээ.
Түүнчлэн хүүхэд хамгааллын орчны аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллага, тоглоомын талбай, зуслан, асрамжийн төвүүдэд хяналт шалгалт хийж, аюулгүй байдлыг хангахыг НОК-ын дарга Б.Пүрэвдагва холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.





