Халдварт өвчний тандалт, лабораторийн оношилгоог шуурхай болгох зорилгоор томуугийн сорьцыг дроноор тээвэрлэх туршилтын нислэгийг есдүгээр сарын 25-нд амжилттай зохион байгуулжээ.
Туршилтын үеэр Баянзүрх дүүргийн Насан Урт, Чингэлтэй дүүргийн Шэжиддүг өрхийн эрүүл мэндийн төвөөс авсан томуугийн тандалтын сорьцыг дроноор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лабораторид хүргэсэн байна.
Туршилтыг ХӨСҮТ, “Монголын Смарт Дрон Деливери” ХХК, дээрх өрхийн эрүүл мэндийн төвүүд болон Иргэний нисэхийн ерөнхий газар хамтран хэрэгжүүлжээ.
Дроноор сорьц тээвэрлэснээр:
🚁 Замын түгжрэлээс үл хамааран сорьцыг шуурхай хүргэх;
🧪 Лабораторийн шинжилгээг цаг алдалгүй эхлүүлэх;
⏱️ Сорьц тээвэрлэлтийн хугацааг богиносгох;
⛽ Хүний нөөц, шатахууны зардлыг хэмнэх;
📡 Халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээний шуурхай байдлыг нэмэгдүүлэх боломжтой.
Цаашид туршилтын үр дүнд үндэслэн дроноор сорьц тээвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгож, томуугийн харуулдан тандалтын сорьц болон шаардлагатай бусад эрүүл мэндийн үйлчилгээнд үе шаттай нэвтрүүлэх боломжийг судлахаар төлөвлөж байна.





