Өнөөдрийн зурхай
Ubfocus

16 НАСТАЙ ОХИНЫ АМИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД ЦААЗЫН ЯЛ БУС, БҮХ НАСААР ХОРИХ ЯЛ ОНООВ

Sarantsetseg
Author
September 30, 2026
3 min read
276 views
16 НАСТАЙ ОХИНЫ АМИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД ЦААЗЫН ЯЛ БУС, БҮХ НАСААР ХОРИХ ЯЛ ОНООВ

БНСУ-ын Гванжү хотын дүүргийн шүүх 16 настай ахлах сургуулийн сурагч охиныг хөнөөсөн 23 настай Жан Юн Ги-д бүх насаар нь хорих ял оноолоо.

Шүүх түүнийг хүчиндэхийг завдсан явцдаа хүн амины хэрэг үйлдсэн, мөн тусламж үзүүлэхээр ирсэн эрэгтэй сурагчийг хөнөөхийг завдсан, мөрдөж мөшгөсөн зэрэг бүх зүйл ангиар гэм буруутайд тооцжээ.

Мөн түүнд 30 жилийн хугацаанд цахим хяналт тавих, хүүхэд, өсвөр насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагад 10 жил ажиллахыг хориглох шийдвэр гаргасан байна.

Прокурорын зүгээс өнгөрсөн наймдугаар сарын 31-нд болсон эцсийн хэлэлцүүлгийн үеэр түүнд цаазаар авах ял оноохыг хүссэн боловч шүүх бүх насаар нь хорих ял оноожээ.

ОХИНЫГ МАШИНДАА ХҮЧЭЭР СУУЛГАХЫГ ЗАВДСАН БАЙЖЭЭ

Хэрэг тавдугаар сарын 5-ны 00:10 цагийн орчимд Гванжү хотын Гвансан дүүргийн Волгедун орчимд болсон байна.

Жан Юн Ги автомашинаараа 16 настай охиныг дагаж, улмаар түүнийг машиндаа хүчээр суулган хүчирхийлэхийг завджээ. Охин эсэргүүцэх үедээ хутгалуулж амиа алдсан байна.

Охины хашхирахыг сонсоод туслахаар очсон эрэгтэй сурагч руу мөн халдсан бөгөөд түүнийг хөнөөхийг завдсан хэргээр ял сонсжээ.

Прокурорын мөрдөн шалгалтаар Жан Юн Ги гэмт хэргээ урьдчилан бэлтгэсэн байж болзошгүй нөхцөл илэрсэн байна. Тухайлбал, тэрээр кабель боох зориулалттай уяа авч, автомашиныхаа арын хаалгыг онгорхой үлдээсэн байжээ. Харин өмгөөлөгч нь уг уяаг компьютерын кабель эмхлэх зорилгоор худалдаж авсан гэж тайлбарласан байна.

ӨМНӨ НЬ Ч БЭЛГИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ

Түүнчлэн Жан Юн Ги хохирогчийг хөнөөхөөсөө хоёр хоногийн өмнө эмэгтэй хамтран ажиллагчдаа хүчирхийлсэн, мөн нийгмийн үйлчилгээний алба хааж байхдаа өсвөр насны охины биеийг нууцаар дүрс бичлэг хийсэн зэрэг хэргээр буруутгагдсан байна.

Тэрээр анх 16 настай охиныг хөнөөсөн хэрэгт бэлгийн сэдэл байсныг үгүйсгэж байсан ч долдугаар сарын 13-нд болсон шүүх хурлаар өөрт нь холбогдох бүх зүйл ангийг хүлээн зөвшөөрчээ.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫГ Ч МӨРДӨН ШАЛГАЖЭЭ

Энэ хэрэг цагдаагийн байгууллагын ажиллагаатай холбоотой маргаан дагуулсан байна.

БНСУ-ын Мөрдөн шалгах үндэсний газрын тусгай мөрдөн шалгах багийн есдүгээр сарын 21-ний мэдээллээр Гвансан дүүргийн цагдаагийн газрын зарим удирдах албан тушаалтан мөрдөн шалгалтыг хязгаарлаж, гэмт хэрэгт бэлгийн сэдэл байсныг илтгэх зарим материалыг өөрчлөх, хасахыг мөрдөгчдөд үүрэг болгосон гэх нөхцөл тогтоогджээ.

Мөрдөн шалгагчдын мэдээлснээр энэ нь Жан Юн Гигийн хамтран ажиллагч эмэгтэйн өмнө нь гаргасан мөрдөн мөшгөсөн тухай гомдлыг цагдаа нар зохих ёсоор шийдвэрлээгүй гэх асуудлыг нуухтай холбоотой байж болзошгүй аж.

Прокурорын байгууллага есдүгээр сарын 2-нд цагдаагийн газрын дөрвөн ахлах албан тушаалтанд тусдаа мөрдөн шалгалт явуулахыг хууль бусаар үүрэг болгосон гэх үндэслэлээр хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлджээ. Тэдний нэг болох Пак Сон Жү буруутай үйлдэл хийгээгүй, өгсөн үүрэг нь ердийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд байсан гэж мэдэгдсэн байна.

Мөн сэжигтний эцэг нь цагдаагийн алба хаагч бөгөөд хүүтэй нь холбоотой байж болзошгүй зарим эд мөрийн баримтыг устгасан гэх мэдээлэл гарсан байна.

Шүүхийн шийдвэртэй танилцсаны дараа прокурорын байгууллага давж заалдах эсэхээ шийдэхээр болжээ.

Related Stories