Өнөөдрийн зурхай
Ubfocus

УЛСЫН ХЭМЖЭЭНД 27 БААВГАЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ

Sarantsetseg
Author
October 16, 2026
3 min read
140 views
УЛСЫН ХЭМЖЭЭНД 27 БААВГАЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ

Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрч, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал сүрэгт эрсдэл учруулах тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас шуурхай арга хэмжээ авч байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир аймаг, орон нутгийн удирдлагууд, байгаль орчны болон тусгай хамгаалалттай газрын захиргаад, Улсын онцгой комисс, холбогдох байгууллагын төлөөлөлтэй цахим хурал хийж, цаг үеийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Амьтны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалгаа, шинжилгээ, соёлын зориулалтаар болон иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор нийт 10 аймаг, нийслэлд холбогдох байгууллага, цагдаагийн хяналт дор 27 баавгайг аюулгүй болгосон байна.

Шуурхай баг ажиллуулж, 24 цагийн дуудлага хүлээн авна

Хурлаар хүрэн баавгайтай холбоотой дуудлага, мэдээллийг 24 цагаар хүлээн авах, бүртгэх, холбогдох байгууллагад шуурхай дамжуулах тогтолцоог ажиллуулах чиглэл өгчээ.

Мөн баавгай давтан орж ирдэг, хүн, малд эрсдэл учруулсан байршил бүрд шуурхай хариу арга хэмжээний баг байгуулж, байгаль орчин, цагдаа, онцгой байдал, хилийн цэрэг, мал эмнэлэг, зоонозын өвчин судлалын болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулахаар болсон байна.

Шуурхай баг нь дуудлага хүлээн авснаас хойш газар дээр нь очих, иргэдийн аюулгүй байдлыг хангах, нөхцөл байдлыг үнэлэх, баавгайг суурьшлын бүсээс холдуулах, шаардлагатай тохиолдолд барих, өөр нутагт шилжүүлэн байрлуулах зэрэг арга хэмжээ авах дараалалтай ажиллана.

Харин хүн рүү болон айлын хот, хашаа, гэр орон руу давтан дайрсан, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой бөгөөд бодит аюул учруулж байгаа тохиолдолд нөхцөл байдлыг үнэлж, эрх бүхий байгууллагын шийдвэрээр шаардлагатай арга хэмжээ авах юм.

Баавгайг татах хог, хүнсний үлдэгдлийг ил задгай байршуулахгүй байхыг анхаарууллаа

Эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг айл өрхийн орчимд ил задгай хог хаягдал, сэг зэм, хүнсний үлдэгдэл, цагаан идээ болон баавгай татах үнэр бүхий зүйлс байршуулахгүй байхыг анхааруулжээ.

Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дур мэдэн баавгайд тэжээл өгөх, нэмэлт тэжээлийн цэг байгуулахыг хориглож, баавгайтай тааралдсан болон суурьшлын бүсэд орж ирсэн үед авах арга хэмжээний зөвлөмжийг олон нийтэд хүргэхээр болсон байна.

Баавгайг ичээнд орох хүртэл хугацаанд эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээ авч, цаашид судалгаанд үндэслэсэн урт хугацааны стратеги, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Баавгайтай холбоотой 431 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

2026 оны аравдугаар сарын 14-ний байдлаарх урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд нэг хоногийн хугацаанд хүрэн баавгайтай холбоотой нийт 22 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс тав нь нийслэлд, 17 нь орон нутагт бүртгэгджээ.

Нийслэлд Сүхбаатар дүүрэгт гурав, Баянзүрх дүүрэгт нэг, Сонгинохайрхан дүүрэгт нэг дуудлага бүртгэгдсэн бол орон нутагт Сэлэнгэ, Увс аймаг тус бүр дөрөв, Хөвсгөл аймагт гурав, Хэнтий, Завхан аймаг тус бүр хоёр, Булган, Төв аймаг тус бүр нэг дуудлага бүртгэгдсэн байна.

Мөн байгаль орчны зөрчил, мэдээлэл хүлээн авах 117 тусгай дугаарт аравдугаар сарын 8-наас 15-ны хооронд нийт 431 дуудлага, мэдээлэл иржээ.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж байна

Зэрлэг амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөн болон дайралтаас шалтгаалан хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах нөхцөл үүссэн үед тухайн амьтныг аюулгүй болгох, шаардлагатай тохиолдолд устгах асуудлыг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байна.

Энэ хүрээнд Амьтны тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байгаа аж.

Хуулийн төсөлд зэрлэг амьтнаас үүдэх шууд аюулыг зайлуулах, холбогдох зөвшөөрөл олгох, хохирол болон нөхөн төлбөрийн зохицуулалтыг тодорхой болгох асуудлыг тусгажээ.

Related Stories

УЛСЫН ХЭМЖЭЭНД 27 БААВГАЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ | Ubfocus