Өнөөдрийн зурхай
Ubfocus

25 НАСТАЙДАА ПРОГРАММЧЛАЛЫН ЕРТӨНЦИЙГ ӨӨРЧИЛСӨН CEO — MICHAEL TRUELL

Sarantsetseg
Author
August 29, 2026
3 min read
855 views
25 НАСТАЙДАА ПРОГРАММЧЛАЛЫН ЕРТӨНЦИЙГ ӨӨРЧИЛСӨН CEO — MICHAEL TRUELL

Өнөөдөр компьютерийн програм, аппликейшн, вэбсайт бүтээхийн тулд заавал програмист хүн кодын мөр бүрийг өөрөө сууж бичдэг үе аажмаар өөрчлөгдөж байна. Энэхүү өөрчлөлтийн гол тоглогчдын нэг нь Америкийн залуу технологийн бизнес эрхлэгч Michael Truell юм.

Тэрбээр 2022 онд MIT-ийн гурван найзын хамт Anysphere компанийг байгуулж, улмаар Cursor нэртэй хиймэл оюун ухаанд суурилсан програмчлалын орчныг хөгжүүлжээ. Cursor-ийн гол санаа нь энгийнээр хэлбэл програмистын оронд код бичих, алдаа олох, засварлах ажлыг хиймэл оюун ухаанаар хийлгэх явдал юм.

Өмнө нь программистууд программ бүтээхдээ кодынхоо бараг бүх мөрийг өөрсдөө бичиж, дараа нь алдаагаа хайж, нэг нэгээр нь засдаг байсан.

Michael Truell болон түүний баг энэ үйл явцыг өөрчилсөн.

Cursor-д программист энгийн хэлээр:

“Энэ аппликейшнд хэрэглэгч нэвтрэх хэсэг нэм”

эсвэл

“Энэ кодны алдааг олж зас”

гэж даалгавар өгөхөд хиймэл оюун ухаан тухайн программын кодыг уншиж, ойлгон, шаардлагатай өөрчлөлтийг санал болгох буюу шууд хэрэгжүүлэх боломжтой болсон юм.

Өөрөөр хэлбэл, Cursor нь зөвхөн дараагийн үгийг таадаг энгийн автомат бичигч биш. Олон файлтай томоохон программын бүтцийг ойлгож, хэд хэдэн файлд зэрэг өөрчлөлт хийх, код бичих, засах, алдаа олох чиглэлээр ажилладаг AI програмчлалын орчин юм. Cursor анх кодын дараагийн мөрийг тааж, программистын ажлыг хурдасгах зориулалттай байсан бол сүүлийн жилүүдэд илүү том өөрчлөлт хийжээ.

Michael Truell-ийн удирдлага дор Cursor нь одоо AI agent буюу хүний өгсөн даалгаврыг бие даан гүйцэтгэх чадвартай систем рүү хөгжиж байна.

Тухайлбал, программист:

  • ямар бүтээгдэхүүн хийхээ тайлбарлах,

  • ямар асуудлыг шийдэхээ хэлэх,

  • AI-д үүрэг өгөх,

харин хиймэл оюун ухаан код бичих, файлуудыг засах, өөрчлөлтүүдийг хийх зэрэг ажлыг гүйцэтгэх боломжтой болсон.

Cursor-ийн өөрийн тодорхойлсноор программ хөгжүүлэлт “хүн кодын мөр бүрийг бичдэг үе”-ээс “хүн AI agent-уудад чиглэл өгч, ажлыг нь хянадаг үе” рүү шилжиж байна.

Cursor зах зээлд маш богино хугацаанд хүчтэй өссөн. Forbes-ийн мэдээлснээр тус хэрэгслийг Nvidia, Adobe, Uber, Shopify зэрэг компаниудын инженерүүд ашиглаж эхэлсэн бөгөөд олон сая хөгжүүлэгчийн хэрэглээнд хүрчээ.

Энэ амжилтын гол шалтгаан нь Michael Truell-ийн баг хиймэл оюун ухааныг программистын ажилд шууд нэгтгэсэн явдал байв.

Өмнө нь:

Хүн → код бичнэ → алдаа гарна → хүн засна

гэдэг байсан бол Cursor-ийн шинэ арга нь:

Хүн → юу хийхээ хэлнэ → AI код бичнэ → хүн хянаж сайжруулна гэсэн зарчим руу шилжиж байна.

Michael Truell багаасаа програмчлалд сонирхолтой байсан бөгөөд 11 настайдаа өөрийн гар утасны тоглоом хийхийн тулд код бичиж эхэлсэн гэдэг. Дараа нь MIT-д компьютерын шинжлэх ухаан, математикийн чиглэлээр суралцаж, тэндээ Cursor-ийн хамтран үүсгэн байгуулагчидтай танилцжээ.

Түүний баг эхэндээ механик инженерүүдэд зориулсан AI хэрэгсэл бүтээхээр оролдсон ч амжилтгүй болсон байна. Харин дараа нь өөрсдийн хамгийн сайн мэддэг салбар болох програмчлал руу шилжиж, Cursor-ийг бүтээхээр шийджээ.

Michael Truell өөрөө ганцаараа шинэ хиймэл оюун ухааны загвар зохиосон гэхээсээ илүү хүмүүс программ хэрхэн бүтээдэг арга барилыг өөрчлөх бүтээгдэхүүн бий болгосон нь түүний хамгийн том амжилт юм.

Өнөөдөр Cursor-ийн санаа улам бүр өргөжиж:

“Хүн өөрөө код бичих” → “Хүн AI-д даалгавар өгч программ бүтээх”

гэсэн шинэ үе рүү технологийн салбарыг түлхэж байна.

Тиймээс Michael Truell-ийг ердөө нэг стартапын CEO гэж харахаас илүүтэйгээр программистын ажлын ирээдүйг өөрчилж буй залуу технологийн лидерүүдийн нэг гэж үзэх болсон байна.

эх сурвалж: forbes

Related Stories