Өнөөдрийн зурхай
Ubfocus

6354 багшийн хомсдолыг цалин, орон сууц, сургалтын чанарын бодлогоор шийдвэрлэх шаардлагатайг хэлэлцлээ

Sarantsetseg
Author
October 15, 2026
2 min read
247 views
6354 багшийн хомсдолыг цалин, орон сууц, сургалтын чанарын бодлогоор шийдвэрлэх шаардлагатайг хэлэлцлээ

Боловсролын салбарын төсвийн асуудлаарх нээлттэй хэлэлцүүлгээр багшлах боловсон хүчний тоо, чанарын хомсдол, түүнийг шийдвэрлэх арга замыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Боловсролыг дэмжих лобби бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах улсын хэмжээнд 6354 багш дутагдалтай гэсэн тооцоо танилцуулсан байна. Тэрбээр бодит хомсдолыг ил тод харуулахад хүндрэлтэй байгаа нь багш нарыг илүү цагаар ажиллуулах, тэтгэвэрт гарсан багш болон оюутнуудыг ажиллуулах зэргээр нөхөж байгаатай холбоотойг онцолжээ.

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирын танилцуулснаар 2025-2026 оны хичээлийн жилийн төгсгөлд 3954 сул орон тоо бүртгэгдсэн байна. Үүний 76 хувь нь хүүхэд асрах чөлөө, тэтгэвэр, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой бол үлдсэн хэсэг нь сурагчдын тоо нэмэгдсэнээс үүдсэн шинэ ажлын байр аж.

Сүүлийн 10 жилд сурагчдын тоо 53.2 хувиар өссөн бол багшийн тоо 37.3 хувиар нэмэгджээ. Үүний улмаас нэг багшид ногдох хүүхдийн тоо 18.8-аас 21 болж өссөн байна.

Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр байгаа бол сургуулийн өмнөх боловсрол, бага анги, нийгмийн ухааны зарим чиглэлд багшийн илүүдэл үүсэх төлөвтэй байгааг танилцуулжээ.

Хэлэлцүүлэгт оролцсон сургуулийн удирдлагууд багшийн хомсдолыг шийдвэрлэхэд нэгдсэн цахим систем бий болгох, багш бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах, ажлын байрны тогтвортой нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг хэлэв. Мөн багш нарын орон сууц, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинээр төгсөгчдийг ажлын байранд дадлагажуулах тогтолцоог боловсронгуй болгох саналууд гаргажээ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан багшийн асуудлыг зөвхөн орон тооны хүрээнд бус, багш бэлтгэх тогтолцоо, ажлын байран дахь тасралтгүй хөгжил, ур чадвар, бүтээмжид суурилсан үнэлгээ, цалин хөлсний бодлоготой уялдуулан шийдвэрлэх шаардлагатайг онцолсон байна.

Түүнчлэн багшийн шинэ стандарт, үнэлгээний тогтолцоо боловсруулах, багшийн хөгжлийн төвүүдийг байгуулах, салбарын хүний нөөцийн хүрэлцээг бодит цагт хянах мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаагаа танилцуулжээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид багшийн хомсдолыг богино хугацааны арга хэмжээгээр нөхөхөөс илүүтэй цалин хөлс, ажлын ачаалал, нийгмийн баталгаа, мэргэжлийн нэр хүнд болон багш бэлтгэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх шаардлагатай гэдэгт санал нэгдсэн байна.

Боловсролын салбарын төсөв, сургалтын тоног төхөөрөмжийн хангамжийн талаарх хэлэлцүүлэг үргэлжилж байгаа талаар Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Related Stories

6354 багшийн хомсдолыг цалин, орон сууц, сургалтын чанарын бодлогоор шийдвэрлэх шаардлагатайг хэлэлцлээ | Ubfocus