2026–2027 оны хичээлийн жилийн ахлах ангийн хичээл сонголтыг улс орон даяар цахимаар зохион байгуулж эхэллээ.
X–XII ангийн сурагчид сургуулийнхаа сургалтын удирдлагын систем (LMS) болон Боловсролын удирдлагын нэгдсэн систем (ESIS)-ээр дамжуулан есдүгээр сарын 9-ний 22:00 цаг хүртэл хичээлээ сонгон баталгаажуулах юм.
Ахлах ангийн сурагчид бүрэн дунд боловсрол эзэмшихдээ заавал судлах болон сонгон судлах гэсэн хоёр төрлийн хөтөлбөрөөр хичээллэдэг. Сонгон судлах хөтөлбөрт 15 чиглэлийн 16 хичээл багтсан бөгөөд сурагчид өөрийн сонирхол, чадвар, цаашдын мэргэжлийн зорилгодоо нийцүүлэн сонголтоо хийх боломжтой.
Тухайлбал, X ангийн сурагчид дөрвөн, харин XI, XII ангийн сурагчид тус бүр гурван сонгон судлах хичээл сонгоно.
Танхимаар хичээллэх бүлэг бүрдэхэд сумын сургуульд хамгийн багадаа 10, аймгийн төвд 12, нийслэлд 20 сурагч сонгосон байх шаардлагатай.
Харин тухайн хичээлийг сонгосон сурагчдын тоо дээрх доод хязгаарт хүрээгүй тохиолдолд сонголтыг хүчингүй болгохгүй бөгөөд цахимаар тухайн хичээлийг судлах боломжтой аж.
Сонгон судлах хичээлүүдэд математик, физик, хими, биологи, мэдээллийн технологи, монгол хэл бичиг, уран зохиол, англи хэл, орос хэл, түүх, нийгэм судлал, газарзүй, бизнес судлал, дизайн зураг зүй, механик ба электроник, хувцас загвар зохион бүтээлт зэрэг багтаж байна.
Боловсролын байгууллагаас сурагчдыг хичээл сонголтоо хийхдээ найз нөхдөө дагах, эсвэл зөвхөн “амархан” санагдсан хичээлийг сонгохоос илүүтэй өөрийн сонирхол, давуу тал, ирээдүйн мэргэжлийн зорилготойгоо уялдуулахыг зөвлөжээ.
Ахлах ангийн хичээл сонголт нь их, дээд сургуулийн мэргэжил сонголттой уялдах тул сурагчдын ирээдүйн боловсрол, мэргэжлийн чиглэлд чухал нөлөөтэй шийдвэр юм.





