Өнөөдрийн зурхай
Ubfocus

БИЛЛ ГЕЙТС: “ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХҮНИЙ БҮТЭЭСЭН ХАМГИЙН АЮУЛТАЙ ТЕХНОЛОГИ”

Sarantsetseg
Author
October 12, 2026
2 min read
277 views
БИЛЛ ГЕЙТС: “ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХҮНИЙ БҮТЭЭСЭН ХАМГИЙН АЮУЛТАЙ ТЕХНОЛОГИ”

Майкрософт компанийг хамтран үүсгэн байгуулагч Билл Гейтс хиймэл оюун ухаан (AI)-ийн эрсдэлийн талаар анхааруулж, уг технологийг хөгжүүлж буй компаниудад өөрсдийгөө хянах эрхийг дангаар нь өгөх нь буруу хэмээн мэдэгджээ.

Тэрбээр CNN-ийн сэтгүүлч Жейк Тапперт өгсөн ярилцлагадаа хиймэл оюун ухааныг хүн төрөлхтний бүтээсэн хамгийн аюултай технологи хэмээн тодорхойлж, эрсдэл нь хяналтаас гарахаас өмнө нийгэм, төр засаг зохицуулалт хийх шаардлагатайг онцолсон байна.

Гейтс хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг бүрмөсөн устгана гэх айдас заримдаа хэт дэвэргэгддэг ч энэ нь технологийн эрсдэлийг үл тоомсорлох үндэслэл биш гэж үзжээ. Түүний хэлснээр, хиймэл оюун ухааны хөгжлийг зөвхөн технологийн компаниудын шийдвэрт даатгаж болохгүй.

Тэрбээр мөн хиймэл оюун ухаан ажлын байранд үзүүлэх нөлөөнд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Гейтс хиймэл оюун ухаан болон роботын хэрэглээнээс татвар авах, технологид орлуулах эрсдэлтэй зарим ажлын байрыг хамгаалах асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

“Автомашин, нисэх онгоц, эм бэлдмэлийн хэрэглээг хууль, журмаар зохицуулдаг байхад үүнээс ч илүү аюул дагуулж болзошгүй технологийг яагаад хяналтгүй орхих ёстой гэж?” гэсэн байр суурийг тэрбээр илэрхийлжээ.

Гейтс өмнө нь ч хиймэл оюун ухааны аюулын талаар анхааруулж байсан юм. Тэрбээр “Meet the Press” нэвтрүүлэгт оролцохдоо хиймэл оюун ухааныг хор хөнөөлтэй зорилготой хүмүүс ашиглавал асар их хэмжээний хүний амь насанд заналхийлж болзошгүйг хэлж байв.

Мөн хиймэл оюун ухааны судлаач асан Жейкоб Коксон технологийн компаниуд эрсдэлийг хянаж чадахгүй бол ирэх арван жилд хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувьтай гэж болгоомжилж буйгаа илэрхийлсэн тухай TMZ мэдээлжээ. Энэ нь судлаачийн хувийн үнэлгээ болохоос батлагдсан шинжлэх ухааны таамаглал биш юм.

Билл Гейтс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний багтай уулзаж, хиймэл оюун ухааны зохицуулалтын талаар ярилцах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн байна.

Түүний үзэж буйгаар, хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд асар их боломж нээхийн зэрэгцээ ажлын байр, аюулгүй байдал, нийгмийн ирээдүйд нөлөөлөх эрсдэл дагуулж байгаа тул энэ асуудлаар шийдвэр гаргах цаг үе тулгараад байна.

Эх сурвалж: TMZ, CNN

Related Stories

БИЛЛ ГЕЙТС: “ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХҮНИЙ БҮТЭЭСЭН ХАМГИЙН АЮУЛТАЙ ТЕХНОЛОГИ” | Ubfocus