Өнөөдрийн зурхай
Ubfocus

ОРОН СУУЦНЫ ЗАХИАЛГЫН ГЭРЭЭНЭЭС ХОХИРСОН ИРГЭДИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

Sarantsetseg
Author
October 3, 2026
2 min read
153 views
ОРОН СУУЦНЫ ЗАХИАЛГЫН ГЭРЭЭНЭЭС ХОХИРСОН ИРГЭДИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар байгуулагдсан, орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий Ажлын хэсгийн ээлжит хуралдаан аравдугаар сарын 2-нд Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.

Хуралдаанаар Ажлын хэсгийн хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүн, барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод болгох арга хэмжээ болон орон сууц худалдан авагчийг хамгаалах нэгдсэн цахим системийг туршин нэвтрүүлэх шийдлийн талаар хэлэлцэв.

Хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн орон сууцны залилантай холбоотой гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, иргэдийг залилангаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг өглөө.

Мөн барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын талаарх мэдээллийг нээлттэй, ил тод болгохтой холбоотой Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтов.

Түүнчлэн Нийслэлийн дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдээгүй байгаа орон сууцны барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх боломж, нөхцөлийг судалж танилцуулах үүрэг бүхий Ажлын дэд хэсэг байгуулах Нийслэлийн Засаг даргын саналыг дэмжив.

Уг Ажлын дэд хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулах саналаа хүргүүлэхээр мөн шийдвэрлэлээ..

Related Stories