Улс даяар шатахууны нийлүүлэлт доголдох үед шатахууныг зөвшөөрөлгүйгээр өндөр үнээр дамлан худалдах буюу "шаглах" үзэгдэл дахин нэмэгдэж байна. Иргэдийн мэдээлж буйгаар энэ удаад нэг литр шатахууныг 8,000-10,000 төгрөгөөр дамлан худалдаалж байгаа тохиолдол гарчээ.
Харин хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлд газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.
Тодруулбал, тусгай зөвшөөрөлгүйгээр газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн болон бөөний худалдаа эрхэлсэн бол иргэнийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая төгрөгөөр торгох зохицуулалттай.
Иймд эрх бүхий байгууллагууд шатахууныг хууль бусаар дамлан худалдаалах, зохиомол хомсдол үүсгэх, иргэдийг хохироох үйлдэл гаргасан тохиолдолд хуульд заасан хариуцлага тооцохыг анхааруулж байна.





