Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр болж, баяр наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцын талаар хэлэлцлээ.
Хуралдааны үеэр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын зохион байгуулалт, дэд бүтэц, тохижилтын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу эрчимжүүлж, гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэлийг сайтар хангахыг үүрэг болгожээ.
Энэ жил Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой. Үүнтэй холбогдуулан баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолт болон соёл урлагийн арга хэмжээнүүдийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа талаар салбар хороод мэдээлжээ.
2026 оны Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших Монгол” уриан дор зохион байгуулагдах бөгөөд нээлт, хаалтын ёслолын уран бүтээл, тайзны найруулгын бэлтгэл ажил ид өрнөж байна.
Мөн үндэсний бөх, сурын харваа, шагайн харваа, хурдан морины уралдааны салбар хороод бэлтгэлээ үе шаттайгаар хангаж байгаа аж.
Түүнчлэн энэ жилийн наадам нь Дэлхийн адууны өдрийн хүрээнд зохион байгуулагдах тул монгол адууны өв соёл, уламжлал, үнэт зүйлсийг олон улсад сурталчлах онцгой ач холбогдолтой арга хэмжээ болохыг зохион байгуулагчид онцоллоо.





