Өнөөдрийн зурхай
Ubfocus

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хаврын чуулганаар хэлэлцэхгүй

Sarantsetseg
Author
June 16, 2026
1 min read
191 views
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хаврын чуулганаар хэлэлцэхгүй

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдээс санаачлан боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхгүй болохыг МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал мэдэгдлээ.

Тус хуулийн төсөлд үндэсний бөхийн цолтой холбоотой маргаантай асуудлуудыг зохицуулах, өмнөх жилүүдийн наадмын үр дүнтэй холбоотойгоор 17 бөхөд цол нөхөн олгох зохицуулалт багтсан юм. Мөн Үндэсний их баяр наадамд тухайн жил 1024 бөх барилдуулах эсэх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэдэг байх зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг өмнө нь дэмжсэн ч анхны хэлэлцүүлгийн шатанд тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэхдээ, “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай П.Сайнзориг нарын гишүүдийн санаачилсан хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэхгүй” хэмээн мэдэгдэв.

Ингэснээр уг хуулийн төслийн хэлэлцүүлэг ирэх намрын ээлжит чуулган болон дараагийн хэлэлцэх хугацаа хүртэл хойшлох нөхцөл бүрдээд байна.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор үндэсний бөхийн хүрээнийхэн болон олон нийтийн дунд байр суурийн зөрүүтэй санал өрнөж байсан бөгөөд ялангуяа цол нөхөн олгох асуудал нь хамгийн их анхаарал татсан сэдвийн нэг болоод байсан юм.

Related Stories