Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар нийт 13 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын тухай хууль, Чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Түүнчлэн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл, Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл зэрэг асуудлуудыг эцсийн шатны хэлэлцүүлэгт оруулах юм.
Хуралдааны төгсгөлд Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Өнөөдрийн чуулганы хуралдааны гол анхаарал татаж буй асуудал нь татварын багц хуулийн шинэчлэл бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх нөлөөлөлтэй холбоотойгоор гишүүд 60 хүртэлх минутын хугацаанд асуулт асууж, санал хэлэлцүүлэхээр товлосон байна.





