АНУ болон Ираны хооронд олон сарын турш үргэлжилсэн хурцадмал байдал намжиж, энхийн хэлэлцээ шийдвэрлэх шатандаа орсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр тал ойрын хугацаанд тохиролцоонд хүрч, энхийн баримт бичигт гарын үсэг зурж магадгүй хэмээн мэдэгдсэн бол Ираны тал хэлэлцээ ахицтай байгаа ч эцсийн шийдвэр хараахан гараагүй байгааг онцолжээ.
Урьдчилсан байдлаар талууд дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн чухал гарц болох Хормузын хоолойн аюулгүй ажиллагааг сэргээх, цэргийн мөргөлдөөнийг зогсоох, эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж байгаа аж. Мөн Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг дараагийн шатны яриа хэлэлцээний хүрээнд авч үзэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэгдсэн байна.
Хэрэв тохиролцоо амжилттай хэрэгжвэл Ойрхи Дорнод дахь тогтворгүй байдал буурч, дэлхийн эрчим хүчний зах зээлд эерэг нөлөө үзүүлэх хүлээлт бий болоод байна. Сүүлийн өдрүүдэд газрын тосны үнэ буурч, хөрөнгийн зах зээлүүд өсөлт үзүүлсэн нь хөрөнгө оруулагчид энхийн хэлэлцээ амжилттай өндөрлөнө гэж найдаж байгааг харуулж байна.
Гэсэн хэдий ч хэлэлцээ бүрэн эцэслэн шийдэгдээгүй бөгөөд Иран дотооддоо санал зөрөлдөөнтэй хэвээр байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Иймээс энхийн гэрээ бодит ажил хэрэг болох эсэх нь ойрын өдрүүдэд тодорхой болох юм.





