Өнөөдрийн зурхай
Ubfocus

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 40 сая төгрөгийн торгууль оногдуулж, хорих ялыг өөрчиллөө

Sarantsetseg
Author
July 1, 2026
1 min read
177 views
Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 40 сая төгрөгийн торгууль оногдуулж, хорих ялыг өөрчиллөө

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хэлэлцлээ.

Анхан шатны шүүхээс Б.Энх-Амгаланыг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон, З.Энхболдыг тухайн гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсон юм.

Улмаар анхан шатны шүүхээс тэдэнд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан билээ.

Харин давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хууль зөв хэрэглэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэн шүүгдэгчид болон өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Гэсэн хэдий ч давж заалдах шатны шүүхэд шинээр гаргаж өгсөн эрүүл мэндийн талаарх баримтуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байна.

Ингэснээр Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг хүчингүй болгож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасах, мөн 40 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах шийдвэр гаргажээ.

Related Stories