Өнөөдрийн зурхай
Ubfocus

Сайд Г.Дамдинням шатахууны асуудлаар ОХУ, Казахстан, БНХАУ-д хэлэлцээ хийнэ

Sarantsetseg
Author
August 10, 2026
1 min read
155 views
Сайд Г.Дамдинням шатахууны асуудлаар ОХУ, Казахстан, БНХАУ-д хэлэлцээ хийнэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2026.08.09/ шатахууны хангамжийг тогтворжуулах асуудлаар ОХУ-д албан томилолтоор ажиллахаар болсноо цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр энэ удаагийн айлчлал нь салбар хариуцсанаас хойших ес дэх удаагийн ОХУ-д хийх уулзалт гэдгийг онцлоод, яриа хэлэлцээний үр дүнд дизель түлшний үнийн өсөлтийг тогтоон барьж, энэ оны хоёрдугаар сараас хойш тасалдах эрсдэл үүсээд байсан шатахууны импортыг тасралтгүй үргэлжлүүлж чадсан гэж мэдэгджээ.

Г.Дамдинням:

"Маргааш Москва явна. Салбар хариуцсан нэг жилийн хугацаанд ес дэх нь болж байна. Яриа хэлэлцээ, харилцаагаа тасралтгүй үргэлжлүүлсний үр дүнд дизель түлшний үнийн өсөлтийг зогсоож, хоёрдугаар сараас хойш хэзээ мөдгүй тасалдах эрсдэлтэй байсан импортыг залгуулсаар ирлээ" хэмээн бичжээ.

Тэрбээр мөн дэлхийн газрын тосны зах зээл урьд өмнө тохиолдож байгаагүй хүнд нөхцөлтэй нүүр тулсныг дурдаад, АНУ–Ираны хурцадмал байдал, Ормузын хоолойн эрсдэл, Орос–Украины дайны нөлөө зэрэг нь дэлхийн эрчим хүчний зах зээлд хүчтэй дарамт учруулж байгааг онцолсон байна.

Мөн:

"Нөхцөл байдлыг удахгүй сайжруулахын төлөө хичээнэ. Нийт газар нутгийнхаа 90 хувьд шатахууны хомсдол, хязгаарлалттай байгаа ч сайн хөршийн харилцаагаа хүндэтгэж бидэнд тусалсаар байгаа ОХУ-ын нөхдөдөө талархахаас аргагүй" гэжээ.

Түүний мэдээлснээр Москва дахь уулзалтуудын дараа Казахстан, улмаар БНХАУ-ын Бээжин хотод шатахууны нийлүүлэлттэй холбоотой асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна.

Related Stories

Сайд Г.Дамдинням шатахууны асуудлаар ОХУ, Казахстан, БНХАУ-д хэлэлцээ хийнэ | Ubfocus