Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Сэлбэ ухаалаг хот төслийн хүрээнд технологи, эдийн засгийн тусгай бүс байгуулах боломжийн талаар мэдээллээ.
Тэрбээр Сэлбэ ухаалаг хот төсөл нь Улаанбаатарын төвийн бүсийн яндангийн тоог бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн ач холбогдолтой төсөл болохыг онцолсон байна. Мөн ухаалаг хотын бодлогын нэг чухал хэсэг нь бизнес эрхлэгчдийг дэмжих, тухайн бүсэд ажлын байр, үйлчилгээ, үйлдвэрлэл хөгжих орчныг бүрдүүлэх явдал гэдгийг хэлжээ.
Холбогдох хууль тогтоомжид хөдөө аж ахуй, дэд бүтэц, технологи, эдийн засгийн тусгай бүс байгуулах боломжийг тусгасан байдаг. Үүний хүрээнд Сэлбэ дэд төвийг технологи, эдийн засгийн тусгай бүс болгох бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж.
158 га газрын төлөвлөлтөд өөрчлөлт орохгүй
Сэлбэ дэд төвийг тусгай бүс болгохтой холбоотойгоор газрын одоогийн төлөвлөлтөд өөрчлөлт орохгүй гэдгийг нийслэлийн удирдлага онцоллоо.
Тухайлбал, нийт 158 га талбайн 40 га-д нийгмийн зориулалттай байгууламжуудыг төлөвлөсөн бөгөөд үүнд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, сургууль, цэцэрлэг зэрэг багтаж байна. Эдгээр төлөвлөлтөд өөрчлөлт оруулахгүй юм.
Мөн тус бүсэд нийт 420 бизнес үйл ажиллагаа явуулах боломжтой гэж тооцоолжээ.
Бизнесүүд татварын болон татварын бус дэмжлэг авна
Сэлбэ дэд төвийг эдийн засгийн тусгай бүс болгосноор тэнд үйл ажиллагаа явуулах бизнесүүд тодорхой хугацаанд татварын болон татварын бус дэмжлэг авах боломжтой болох аж.
Үүнд:
Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт;
Нийслэл хотын албан татварын зохицуулалт;
Барилгын татвар болон газрын төлбөртэй холбоотой дэмжлэг;
Цахилгаан, дулааны төлбөр, түрээсийн хөнгөлөлт;
Банкны хөнгөлөлттэй зээл;
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамрагдах боломж;
Зөвшөөрөл авах үйл явцыг шуурхай болгох зэрэг арга хэмжээ багтах юм.
Ингэснээр тухайн бүсэд бизнес эрхлэх, ажлын байр бий болгох, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх таатай орчин бүрдэнэ гэж нийслэлийн удирдлага үзэж байна.
"20 минутын хот"-ын бодлоготой уялдана
Сэлбэ дэд төвд бизнес, үйлчилгээний байгууллагууд төвлөрч хөгжсөнөөр иргэд ажил, сургууль, худалдаа, үйлчилгээ зэрэг өдөр тутмын хэрэгцээгээ оршин суугаа газартаа ойрхон авах боломж бүрдэх бөгөөд энэ нь "20 минутын хот" бодлогыг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой гэж Б.Пүрэвдагва тайлбарлав.
Түүнчлэн ухаалаг хот нь зөвхөн барилга байгууламжийн төлөвлөлтөөр хязгаарлагдахгүй, ногоон хөгжил, эрчим хүчний хэмнэлт, цахим үйлчилгээ зэрэг шийдлийг нэг дор агуулсан байх шаардлагатайг онцолжээ.
Тухайлбал, орчин үеийн ухаалаг тоолуур ашиглах, ус болон эрчим хүчний хэрэглээг хэмнэх зохион байгуулалт нэвтрүүлэх, төрийн болон хотын үйлчилгээг цахим платформд нэгтгэх зэрэг шийдлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
110 технологийн компани сэндбокс орчинд ажиллах боломжтой
Мөн "Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай" хуулийн хүрээнд шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бодит орчинд хязгаарлагдмал хүрээнд турших "сэндбокс" орчин бүрдүүлэх боломжтой аж.
Одоогоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгэлтэй байгаа бөгөөд Сэлбэ ухаалаг хотод сэндбокс орчин бүрдүүлснээр эдгээр компани шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бодит орчинд туршин, нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болох юм.
Ийнхүү Сэлбэ дэд төвийг технологи, эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэх нь бизнесийн орчныг дэмжихээс гадна ухаалаг, ногоон хөгжлийн шийдлийг нэвтрүүлэх, ажлын байр бий болгох, иргэдэд ойр үйлчилгээний орчин бүрдүүлэх зорилготой байна.





