Өнөөдрийн зурхай
Ubfocus

КОП17: Наймдугаар сарын 17-28-нд Нарны замын хэсгийг өдөр бүр хязгаарлаж, нийтийн тээврийг нэмэгдүүлнэ

Sarantsetseg
Author
August 10, 2026
2 min read
162 views
КОП17: Наймдугаар сарын 17-28-нд Нарны замын хэсгийг өдөр бүр хязгаарлаж, нийтийн тээврийг нэмэгдүүлнэ

Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-тай холбогдуулан нийтийн тээвэр, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар холбогдох байгууллагууд мэдээлэл өглөө.

Нарны замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Хурлын үеэр дараах авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд хязгаарлана.

  • Өгөөмөр захын зүүн урд уулзвараас

  • Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвар хүртэл,

  • Нарантуулаас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар хүртэл,

  • Дүнжингараваас Зүүн жанжны уулзвар хүртэлх Нарны замын хэсэг.

100 гаруй автобус нэмэлтээр үйлчилнэ

Замын ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн 13 аж ахуйн нэгжийн 100 гаруй автобус нэмэлтээр үйлчилгээнд гарч, 17 чиглэлээр COP17 хурлын үндсэн талбай болон төлөөлөгчдийн байрлах 36 зочид буудлыг холбохоор төлөвлөжээ.

Мөн наймдугаар сарын 14-30-ны өдрүүдэд "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас төлөөлөгчдийн байрлах зочид буудлууд руу таван чиглэлээр 60 гаруй автобус цаг тутамд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Эдгээр автобус нь зөвхөн COP17-д бүртгүүлсэн, албан ёсны мандаттай дотоодын болон гадаадын төлөөлөгчдөд үйлчлэх бөгөөд нисэх буудлын энгийн хоёр чиглэлийн автобус өмнөхийн адил төлбөртэй үйлчилгээгээ үргэлжлүүлэх юм.

150 орчим өндөр түвшний төлөөлөгч ирнэ

Гадаад харилцааны яамны мэдээлснээр COP17 бага хуралд 150 орчим өндөр түвшний төлөөлөгч оролцохоор байна.

Тэднийг тээвэрлэх зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийн 150 орчим суудлын автомашиныг тусгай зохицуулалттайгаар ажиллуулахаар бэлтгэл хангажээ.

Түгжрэлээс сэргийлэх зорилготой

Албаныхны мэдээлснээр хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP17 бага хурал зэрэгцэж байгаа бөгөөд Нарантуул, Дүнжингарав орчимд хөдөлгөөний ачаалал улам нэмэгдэх төлөвтэй байна.

Статистик мэдээллээр энэ үеийн замын хөдөлгөөн өнгөрсөн оны мөн үеэс 11 хувиар өссөн бөгөөд зохицуулалт хийхгүй тохиолдолд автомашины дундаж хурд 7 км/ц-аас доош болж, тэг зогсолт үүсэх эрсдэлтэй тул дээрх шийдвэрийг гаргасан байна.

Related Stories

КОП17: Наймдугаар сарын 17-28-нд Нарны замын хэсгийг өдөр бүр хязгаарлаж, нийтийн тээврийг нэмэгдүүлнэ | Ubfocus