УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төсөлд улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль хамгааллын ач холбогдол бүхий газрыг нэгтгэсэн “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээ” бий болгохоор тусгасан байна.
Төслийг санаачлагчдын мэдээлснээр улсын тусгай хамгаалалттай газар нутаг 32.5 сая га буюу нийт газар нутгийн 20.8 хувь, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг 24.3 сая га буюу 15 орчим хувийг эзлэхээр байгаа аж. Эдгээрийг нэгтгэн тооцвол Монгол Улсын нийт газар нутгийн 35.8 хувь нь үндэсний сүлжээнд хамрагдах боломжтой байна.
Мөн хуулийн төсөлд тусгай хамгаалалттай газар нутгийн хил, зааг болон дотоод бүсчлэлтэй холбоотой зохицуулалтыг өөрчлөхөөр тусгажээ. Одоогийн зохицуулалтаар тусгай хамгаалалттай газрын доторх бүсийг салбарын сайд тогтоодог бол шинэчилсэн найруулгаар онгон, онцгой, хязгаарлалтын болон хамгаалалтын бүсийг өөрчлөх асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасан байна.
Түүнчлэн гол мөрний урсац бүрэлдэх эх, гадаргын болон газрын доорх цэнгэг усны нөөц, цэвдэг, ус намгархаг газар, хүлэрт намаг бүхий газрыг дархан цаазат газрын ангиллаар хамгаалалтад авах зохицуулалтыг оруулжээ.
Хуулийн төсөлд тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ экологийн даац, судалгаа шинжилгээ, менежментийн төлөвлөгөөнд тулгуурлах, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, газар ашиглах нөхцөл, хугацаа, үүрэг болон хориглох үйл ажиллагааг нарийвчлан зохицуулахаар тусгасан байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд холбогдох санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.





