Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын хэмжээнд 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагаас ажил хаялт зарлахаар шийдвэрлэжээ.
Тус холбоо 2026-2027 оны хамтын хэлэлцээрийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэлэлцэж эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл цалин хөлс нэмэгдүүлэх талаар талууд тохиролцоонд хүрч чадаагүй байна. Үүнтэй холбоотойгоор салбарын ажилтнууд өнгөрсөн дөрөвдүгээр сард Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, Засгийн газар болон Эрчим хүчний яаманд шаардлага хүргүүлжээ.
Үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдээлснээр эрчим хүчний салбарын 35 байгууллагын 9,317 ажилтнаас санал асуулгад оролцсон 6,600 ажилтны 94.9 хувь нь ажил хаялтыг дэмжсэн байна.
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч Э.Тамир “Ажилчдын цалин, нийгмийн баталгааны асуудлыг зөвшилцлийн замаар шийдвэрлэхээр олон удаа оролдсон ч үр дүнд хүрээгүй. Иймээс ажил хаялтаас өөр сонголтгүй нөхцөл байдал үүсээд байна” хэмээн мэдэгдэв.
Мөн тэрбээр хууль ёсны дагуу зохион байгуулагдаж буй ажил хаялтад төрийн байгууллага болон албан тушаалтнууд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг анхааруулж, үлдсэн хугацаанд Засгийн газар болон Эрчим хүчний яам бодит шийдэл танилцуулах шаардлагатайг онцоллоо.





