Өнөөдрийн зурхай
Ubfocus

ХХБ-аас 5.7 тэрбум төгрөг залилсан гэх Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг Тайланд Монголд шилжүүлэх боломжгүй болжээ

Sarantsetseg
Author
October 6, 2026
2 min read
238 views
ХХБ-аас 5.7 тэрбум төгрөг залилсан гэх Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг Тайланд Монголд шилжүүлэх боломжгүй болжээ

Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.7 тэрбум төгрөг залилсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Бямбадорж, Б.Баттулга нар хэрэг нь шүүхэд шилжсэний дараа Монгол Улсаас оргон зайлж, Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжлагдаж байсан.

Тэднийг улмаар Тайланд Улсад байхад нь илрүүлэн саатуулсан талаар өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, Б.Бямбадоржийг 2025 оны арванхоёрдугаар сард Тайландад байхад нь баривчилсан бол Б.Баттулгыг 2026 оны нэгдүгээр сарын 9-нд Тайландаас Монгол руу хар тамхины төрлийн бодис илгээхээр бэлтгэж байсан гэх хэрэгтэй холбогдуулан саатуулсан талаар мэдээлсэн байна.

Харин эх сурвалжийн мэдээлснээр, Тайландын эрх бүхий байгууллага дээрх хоёр иргэнд холбогдох дотоодын хэргийг өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу шалгаж байгаа тул Монгол Улсад шууд шилжүүлэн өгөх боломжгүй нөхцөл үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор тэднийг Интерполын шугамаар эрэн сурвалжилж байсан ажиллагааг зогсоосон талаар мэдээлжээ.

Тайландын талын шалгалтаар Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг бусдын гадаад паспортыг ашиглан хил нэвтэрсэн, мөн Б.Баттулгыг хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой үйлдэлд холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Гэвч эдгээр хэрэгт эцсийн шийдвэр гараагүй байна.

ХХБ-ны 2 сая ам.долларын хэргийн тухайд

Хэргийг эргэн сануулахад, 2021 оны тавдугаар сарын 25-нд Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны 432 дугаар салбараас нэр бүхий этгээдүүд “Эрдэнэ Лайт” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэн ашиглаж, хоёр сая ам.долларын гүйлгээ хийсэн гэх хэрэгт холбогдсон байдаг.

Прокуророос уг хэрэгт Б.Бямбадорж, Б.Баттулга болон бусад этгээдүүдийг Эрүүгийн хуулийн залилах, алдаатай гүйлгээ завших, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглахтай холбоотой зүйл ангиар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар өмнө нь мэдээлж байв.

Одоогоор Б.Бямбадорж, Б.Баттулга нарт холбогдох Монгол Улсын хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд Тайландын талын шалгалтын үр дүнгээс цаашдын ажиллагаа хэрхэн үргэлжлэх нь тодорхой болох юм.

Related Stories