Өнөөдрийн зурхай
Ubfocus

Хөлбөмбөгийн ДАШТ ирэх долоо хоногт эхэлнэ: Түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй дэлхийн аварга болно

Sarantsetseg
Author
June 5, 2026
2 min read
297 views
Хөлбөмбөгийн ДАШТ ирэх долоо хоногт эхэлнэ: Түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй дэлхийн аварга болно

Дэлхийн спортын хамгийн том баяр болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх долоо хоногт эхэлнэ. Энэ удаагийн тэмцээн нь оролцогч багийн тоо, зохион байгуулагч орнуудын хувьд түүхэн шинэ хуудсыг нээж байгаагаараа онцлог юм.

2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 11-нд эхэлж, долоодугаар сарын 19-нд аваргаа тодруулна. Тэмцээний нээлтийн тоглолт Мексик хотод болох бөгөөд зохион байгуулагч орны шигшээ баг Өмнөд Африкийн багтай хүч үзэхээр товлогджээ.

Энэ удаагийн ДАШТ нь өмнөх тэмцээнүүдээс хэд хэдэн томоохон өөрчлөлтөөрөө ялгарч байна. Хамгийн гол нь анх удаа 48 үндэсний шигшээ баг оролцох бөгөөд өмнөх долоон дэлхийн аваргад оролцож байсан 32 багийн форматыг халжээ. Ингэснээр дэлхийн аваргын тэмцээнд нийт 104 тоглолт явагдах бөгөөд энэ нь урьд өмнөхөөс хамгийн олон тоглолттой ДАШТ болох юм.

Тэмцээнд оролцох 48 багийг 12 хэсэгт хуваасан бөгөөд хэсэг бүр дөрвөн багаас бүрдэнэ. Хэсэг тус бүрийн эхний хоёр байр эзэлсэн баг болон гуравдугаар байрт шалгарсан найман шилдэг баг хасагдах шатанд шалгарах шинэ тогтолцоог хэрэгжүүлж байна.

Мөн анх удаа гурван улс хамтран дэлхийн аваргыг зохион байгуулж байгаа нь энэ тэмцээний бас нэгэн онцлог юм. АНУ, Канад, Мексик улсын 16 хотод тоглолтууд болох бөгөөд финалын тоглолт долоодугаар сарын 19-нд Нью-Йорк–Нью Жерси бүсийн МетЛайф цэнгэлдэх хүрээлэнд болно.

Шинжээчдийн үзэж буйгаар аваргын төлөө Аргентин, Франц, Испани, Англи, Бразил зэрэг хүчирхэг шигшээ багууд гол өрсөлдөгчид хэвээр байгаа бол Узбекистан, Йордан, Кюрасао, Кабо Верде зэрэг багууд анх удаа дэлхийн аваргын тайзнаа хүч сорих гэж байна.

39 хоног үргэлжлэх энэхүү тэмцээн нь зөвхөн хөлбөмбөгийн бус дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын үйл явдлын нэг болж, тэрбум гаруй хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг дахин Хойд Америк тив рүү хандуулах төлөвтэй байна.

Related Stories