Өнөөдрийн зурхай
Ubfocus

Хүүхдийн зуслангуудад үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Sarantsetseg
Author
July 19, 2026
2 min read
321 views
Хүүхдийн зуслангуудад үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр (2026.07.19) Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвд ажиллаж, амрагч хүүхдүүдтэй уулзан үе тэнгийн дээрэлхэлт, цахим гэмт хэрэг, хорт зуршил зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар ярилцлаа.

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын чиглэлийн дагуу өнгөрсөн тавдугаар сард төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдсан байна. Тус ажлын хэсэг үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангуудад соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх аяныг хэрэгжүүлж эхэлжээ.

Одоогийн байдлаар "Найрамдал" төвийн 1300 гаруй хүүхэд энэхүү сургалт, нөлөөллийн хөтөлбөрт хамрагдаж, үе тэнгийн дээрэлхэлт, цахим гэмт хэрэг болон бусад эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, мэдээлэл эзэмшсэн байна. Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй хүүхдийн зусланд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа аж.

Албаныхны мэдээлснээр сүүлийн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд хүүхэд хохирсон 10,995 гэмт хэрэг бүртгэгдэж, жилд дунджаар 2200 орчим хүүхэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирчээ. Харин 2025 онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 399 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 246 буюу 61.7 хувь нь гэмт хэргийн, 153 буюу 38.3 хувь нь зөрчлийн шинжтэй байсан нь энэ төрлийн асуудал нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна.

Иймээс хүүхдүүдэд гэмт хэрэг, зөрчил, үе тэнгийн дээрэлхэлт, цахим болон мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг багаас нь олгох ажлыг эхлүүлсэн бөгөөд цаашид ерөнхий боловсролын сургуулиудад эрх зүйн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх ажлыг өргөжүүлэхээр төлөвлөж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан онцоллоо.

Тэрбээр хүүхэд бүр бие биеэ хүндэтгэж, ялгаатай байдлыг ойлгон хүлээн зөвшөөрөхөөс гадна дээрэлхэлтийг харсан, мэдсэн тохиолдолд дуугүй өнгөрөхгүйгээр багш, эцэг эх болон холбогдох хүмүүст мэдээлж, найзаа хамгаалж сурах нь чухал болохыг хүүхдүүдэд уриалсан юм.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам цаашид үе тэнгийн дээрэлхэлттэй тэмцэх, таслан зогсоох, хариуцлагын тогтолцоог сайжруулах, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээг эрчимжүүлэн ажиллахаа мэдэгдлээ.

Related Stories

Хүүхдийн зуслангуудад үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэллээ | Ubfocus