Колумб улсын Букараманга хотноо болсон Олон улсын физикийн 56 дугаар олимпиадад (IPhO 2026) Монголын шигшээ баг түүхэн амжилт үзүүлж, оролцсон таван сурагч бүгд медаль хүртэн өнөөдөр эх орондоо ирлээ.
Энэ жилийн олимпиадад дэлхийн 90 гаруй орны 450 гаруй шилдэг сурагч онол болон туршилтын хүнд даалгавраар өрсөлдсөнөөс Монголын баг дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 13–15 дугаар байрт шалгарсан нь Монголын физикийн олимпиадын түүхэн дэх хамгийн өндөр амжилтуудын нэг болж байна.
Шигшээ багийн ахлагч, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын захирал, доктор, дэд профессор Г.Мөнхбаяр "Олон улсын физикийн олимпиадын түүхэнд Монгол Улс анх удаа нэг олимпиадаас дөрвөн мөнгөн медаль хүртэж байна. 90 гаруй орноос эхний 20-д багтсан нь манай багийн хувьд өндөр амжилт" хэмээн онцоллоо.





