2026 оны аравдугаар сарын 6-ны байдлаар нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 71 хувьд хүрчээ.
Томуу, томуу төст өвчний өвчлөл, эмнэлэгт хэвтэлт, хүндрэл өндөр бүртгэгддэг Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүд ажиллаж, дархлаажуулалтын явцтай танилцан, цаашид авах арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгсөн байна.
Тус дүүргүүдийн вакцинжуулалтын хамрагдалт:
Чингэлтэй – 61.52 хувь
Сүхбаатар – 63.41 хувь
Зорилтот бүлгийн хувьд 6 сартайгаас 6 хүртэлх насны 106,217 хүүхэд буюу 56.48 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 34.46 хувь, 65-аас дээш насны иргэдийн 80.88 хувь, архаг өвчний хяналтад байдаг иргэдийн 97.32 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ.
Эрүүл мэндийн байгууллагаас эцэг эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдээ томуугийн эсрэг вакцинд идэвхтэй хамруулахыг уриалж байна. Мөн 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхэдтэй ажилтнууддаа вакцинд хамрагдахад нь дэмжлэг үзүүлэхийг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд уриалжээ.
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд томуугийн улирлын ачаалалд бэлтгэн орны хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд есөн дүүрэгт нийт 1,607 ор бэлэн байлгахаар төлөвлөсөн байна.





