Өнөөдрийн зурхай
Ubfocus

НИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэнэ

Sarantsetseg
Author
June 17, 2026
2 min read
169 views
НИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн төсөв, газар зохион байгуулалт болон хот төлөвлөлттэй холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийхээс гадна Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг мөн эхний хэлэлцүүлгээр хэлэлцэнэ.

Мөн нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж, хот байгуулалт, газар ашиглалтын бодлоготой холбоотой шийдвэрүүдийг гаргахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцэх юм.

Хуралдааны үеэр Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг өөрчилж, дүрмийг шинэчлэн батлах тухай асуудлыг авч үзэхээс гадна нийслэлийн өмчит компаниудын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ.

Тодруулбал, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК болон “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг төлөөлөгчид хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Харин энэ сарын 22-ны өдөр болох НИТХ-ын дараагийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлуудын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр товлоод байна.

Нийслэлийн төсвийн тодотгол, хот байгуулалтын бодлоготой холбоотой дээрх асуудлууд нь нийслэлийн хөгжлийн томоохон төслүүд, хөрөнгө оруулалт болон газрын зохион байгуулалтын цаашдын чиглэлд нөлөөлөх чухал шийдвэрүүд болохыг албаныхан онцолж байна.

Related Stories

НИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэнэ | Ubfocus