Өнөөдрийн зурхай
Ubfocus

Прокурор хоёр долоо хоногт 237 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, авлигын зургаан хэргийг шүүхэд шилжүүлэв

Sarantsetseg
Author
July 22, 2026
2 min read
179 views
Прокурор хоёр долоо хоногт 237 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, авлигын зургаан хэргийг шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага 2026 оны долдугаар сарын 6-20-ны өдрийн хооронд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 42,249 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажилласан бөгөөд энэ хугацаанд 237 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Мөн хугацаанд 1,318 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл шинээр бүртгэгдэж, 1,179 хэрэг шинээр нээсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 99, өмчлөх эрхийн эсрэг 66, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 27, олон нийтийн аюулгүй байдлын эсрэг 11 хэрэг эзэлжээ. Мөн хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон авлигын хэрэг тус бүр 8, хүрээлэн буй орчны эсрэг 6, хүний амь насыг хохироосон 5, эдийн засгийн 4 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Авлигын зургаан хэрэг шүүхэд шилжив

Нийслэлийн прокурорын газраас энэ хугацаанд 14 хүнд холбогдох авлигын зургаан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Эдгээрт үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг шуурхайлуулах зорилгоор улсын бүртгэгчид 150 мянган төгрөгийн хахууль өгсөн хоёр хэрэг, төрийн өмчит компанийн тендертэй холбоотой хахууль шаардсан хэрэг, барилга ашиглалтад оруулах, улсын комиссын ажиллагаатай холбоотой 27-29 сая төгрөгийн хахууль авсан, өгсөн хэрэг, мөн уул уурхайн хяналт шалгалттай холбоотой 20 сая төгрөгийн хахууль авсан, өгсөн хэрэг багтаж байна.

Хүүхдийн хөдөлмөр мөлжлөг, хар тамхи, сүрдүүлгийн хэргүүдийг мөн шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллагаас мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчин насанд хүрээгүй хүүхдүүдийг аюултай ажилд ажиллуулсны улмаас 15 настай хүүхэд үйлдвэрийн ослоор амиа алдсан хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.

Түүнчлэн метамфетамин, тетрагидроканнабинол зэрэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн 2022-2026 оны хооронд бусдын хувийн мэдээллийг хууль бусаар олж авч, цахимаар тараана хэмээн сүрдүүлж эд хөрөнгө шаардан, үүнийг байнгын үйл ажиллагаа болгосон хэрэгт холбогдогчид яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Прокурорын байгууллагаас энэхүү мэдээллийг иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор танилцуулсан байна.

Related Stories

Прокурор хоёр долоо хоногт 237 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, авлигын зургаан хэргийг шүүхэд шилжүүлэв | Ubfocus