Өнөөдрийн зурхай
Ubfocus

Прокурорын байгууллага "Хамгаалсан байгаль – Бидний ирээдүй" аяныг эхлүүллээ

Sarantsetseg
Author
June 29, 2026
2 min read
263 views
Прокурорын байгууллага "Хамгаалсан байгаль – Бидний ирээдүй" аяныг эхлүүллээ

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр олон ажил, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа ч энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй, улам зохион байгуулалттай, далд хэлбэрт шилжиж байгаатай холбогдуулан Прокурорын байгууллагаас шалтгаан, нөхцөлийн судалгаа хийжээ.

Судалгаагаар сүүлийн таван жилийн хугацаанд хүрээлэн буй орчны эсрэг нийт 4105 гэмт хэрэг бүртгэгдсэнээс прокуророос 2333 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Гэмт хэрэг нь газар нутгийн байршил, байгалийн нөөцийн тархалт болон улирлын онцлогоос шалтгаалан харилцан адилгүй цаг хугацаанд үйлдэгдэж байгаа аж.

Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд шүүхээс 1228 иргэн, 18 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэсний 13 нь БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстан улсын иргэд байжээ.

Шүүхээр шийдвэрлэгдсэн 797 хэргийн улмаас байгаль орчинд нийт 25 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 6.09 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

Хуулийн зохицуулалтын дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зөвхөн ял, эрүүгийн хариуцлага оногдуулаад зогсохгүй байгаль, экологи, амьтан, ургамлын аймагт учруулсан хохирлыг экологи, эдийн засгийн үнэлгээгээр 2-5 дахин өсгөн тооцож нөхөн төлүүлдэг. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд хөрөнгө, ашигласан зэвсэг, техник хэрэгсэл, тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгодог байна.

Энэ хүрээнд шүүхээс нийт 12.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, орлогыг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Прокурорын байгууллагын үзэж байгаагаар энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд иргэн, хуулийн этгээдүүд ашиг олох зорилгоор байгалийн баялгийг зохих зөвшөөрөлгүй ашиглах, түүнчлэн амьтан, ургамлын экологийн ач холбогдол болон хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа нь голлон нөлөөлж байна.

Иймд судалгааны үр дүнд тулгуурлан Прокурорын байгууллагаас улсын хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "Хамгаалсан байгаль – Бидний ирээдүй" нөлөөллийн арга хэмжээг эхлүүлээд байна.

Уг арга хэмжээний хүрээнд гэмт хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх, учирсан хохирол, нөхөн төлбөрийг барагдуулах, хэрэг, зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтнуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, олон нийтэд зориулсан соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах юм.

Related Stories