Өнөөдрийн зурхай
Ubfocus

Шүүхийн ачааллыг бууруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Sarantsetseg
Author
October 7, 2026
1 min read
138 views
Шүүхийн ачааллыг бууруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, цаашид хэлэлцэхийг гишүүдийн 64.7 хувийн саналаар дэмжлээ.

Хууль санаачлагчийн мэдээлснээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2026 оны хоёрдугаар сарын байдлаар 8412 нэхэмжлэл шинээр ирж, 3376 хэргийг шийдвэрлэсэн байна.

Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор нэг шүүгчид ногдох хэргийн тоо 2.5 дахин өсөж, дунджаар 1456 хэрэг, нэхэмжлэл ногдох болсон нь зохист ачааллаас 4.3 дахин их байгаа талаар танилцуулжээ.

Тиймээс хуулийн төсөлд 15.84 сая төгрөгөөс доош мөнгөн дүнтэй хэргийг тусгайлсан журмаар шийдвэрлэх зохицуулалт тусгасан байна.

Мөн шүүхийн мэдэгдэх хуудсыг үндэсний цахим шуудангаар хүргүүлэх, шүүхэд ирээгүй тохиолдолд олон нийтэд нээлттэй зарлаж, мэдэгдсэнд тооцох зохицуулалт оруулахаар тусгажээ. Одоогийн байдлаар мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлэхэд жилд ойролцоогоор 300 сая төгрөг зарцуулдаг ч гардуулалт 85 хувьд нь амжилтгүй байдаг гэж танилцуулсан байна.

Түүнчлэн хэрэг, маргааны 80 орчим хувь нь зээлийн гэрээтэй холбоотой байгааг харгалзан зээлдэгчийн баталгаажуулалтыг нэгдсэн журмаар хийх үүргийг зээлдэгчид ногдуулах зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг дэмжсэнээр Байнгын хороо санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон байна.

Хуулийн төсөл 2026 оны есдүгээр сарын 2-нд УИХ-д өргөн мэдүүлэгдсэн байна.

Related Stories

Шүүхийн ачааллыг бууруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ | Ubfocus