Өнөөдрийн зурхай
Ubfocus

Сургууль, цэцэрлэгийн хүнсний худалдан авалтыг хувийн хэвшилд шилжүүлнэ

Sarantsetseg
Author
June 12, 2026
2 min read
281 views
Сургууль, цэцэрлэгийн хүнсний худалдан авалтыг хувийн хэвшилд шилжүүлнэ

Нийслэлийн хэмжээнд хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөх, авахтай холбоотой зорчилт нь авто замын түгжрэлийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйлсийн нэг болоод буй. Иймээс хүүхэд бүрийг гэртэйгээ ойр сургуульд суралцах нөхцөлөөр хангах зорилгоор “Хотхоны бага сургууль” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг нийслэлийн удирдлагууд мэдээллээ.

Төслийн хүрээнд орон сууцны хороолол, хотхонуудын дунд бага сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлснээр сурагчдын зорчих зайг багасгаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилт тавьж байгаа аж.

Мөн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний хангамжийн асуудалд төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлого баримтална гэдгийг онцоллоо. Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэлийн зарим үйл ажиллагааг нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгэж байгааг зогсоож, хувийн хэвшлийн байгууллагуудад илүү өргөн боломж олгохоор болжээ.

Харин нийслэлийн Боловсролын газар нь нийлүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, сурагчдын үдийн хоолны аюулгүй байдал, чанарыг хангах чиглэлээр ажиллах юм байна.

Үүнтэй холбоотойгоор хүүхдийн үдийн хоолны хүнсний бэлдэц үйлдвэрлэдэг нийслэлийн өмчит дөрвөн компанийн агуулах, барилга байгууламж барих асуудлыг цаашид төсөвт тусгахгүй бөгөөд төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан зарим төслийг мөн зогсоохоор болжээ.

Нийслэлийн Өмчийн харилцааны газарт дээрх байгууллагуудыг татан буулгах, хөрөнгө, өмчийн асуудлыг хамгийн үр ашигтай хэлбэрээр зохион байгуулах санал боловсруулах үүрэг өгсөн байна.

Ингэснээр сургууль, цэцэрлэгийн хүнсний худалдан авалтыг ирэх намраас эхлэн хувийн аж ахуйн нэгжүүд хариуцан гүйцэтгэхээр төлөвлөж байгаа аж.

Харин хүүхдийн хоол үйлдвэрлэлтэй холбоотой тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт үргэлжилсээр байна. Тухайлбал, 2025-2026 онд хүүхдийн хоол үйлдвэрлэлийн угаагч, ариутгагч тоног төхөөрөмж худалдан авахад нийслэлийн төсвөөс нийт 6.7 тэрбум төгрөг баталжээ. Үүнээс өнгөрсөн онд 1.2 тэрбум төгрөгийг зарцуулсан бол энэ онд үлдсэн 5.5 тэрбум төгрөгөөр шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахаар төлөвлөсөн байна.

Related Stories

Сургууль, цэцэрлэгийн хүнсний худалдан авалтыг хувийн хэвшилд шилжүүлнэ | Ubfocus