Өнөөдрийн зурхай
Ubfocus

Сургуулийн анги танхимын агаар дахь PM2.5 тоосонцор ДЭМБ-ын зөвлөмжөөс 5.6 дахин өндөр гарчээ

Sarantsetseg
Author
July 1, 2026
2 min read
135 views
Сургуулийн анги танхимын агаар дахь PM2.5 тоосонцор ДЭМБ-ын зөвлөмжөөс 5.6 дахин өндөр гарчээ

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран "Аюулгүй орчин – Чанартай барилга" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, боловсролын байгууллагын барилга байгууламжийн эрүүл ахуй, дотоод орчны агаарын чанар, засвар үйлчилгээний стандарт, хяналтын тогтолцоог сайжруулах асуудлыг хэлэлцэв.

Энэ үеэр боловсрол, эрүүл мэндийн байгууллагын засвар шинэчлэлд эрүүл ахуйн шаардлага хангасан тосон болон усан суурьтай будаг ашиглах, барилгын материалын чанарт тавих хяналтын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон байна. Мөн сургуулийн анги танхимын агаарын чанарын мониторингийн үр дүн, боловсролын байгууллагад мөрдөх эрүүл ахуйн стандарт, их болон урсгал засварт тавих хяналтын талаар мэргэжилтнүүд илтгэл танилцуулжээ.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хүүхдийн сурч, хөгжиж буй орчин эрүүл, аюулгүй байх нь тэдний эрүүл мэндийг хамгаалах үндсэн нөхцөл болохыг онцлоод, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, барилгын материалын эрүүл ахуйн шаардлагыг чанд мөрдүүлэх нь салбар хоорондын хамтын ажиллагааны чухал чиглэл гэдгийг тэмдэглэлээ.

Тэрбээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2021 онд хийсэн үнэлгээг эш татан, Улаанбаатар хотын зарим сургууль, цэцэрлэгийн анги танхим дахь PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын 24 цагийн дундаж агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөс 3.3-5.6 дахин, Монгол Улсын стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.7 дахин өндөр гарсныг дурдав.

Мөн импортын зарим барилгын материал, тавилга, цавуу, лак, будгаас ялгардаг дэгдэмхий органик нэгдлүүд дотоод орчны агаарын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг онцолж, MNS 7106:2026 "Дотор орчны агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага" стандартыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн орчныг боловсронгуй болгох, лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх, хяналт, санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид боловсролын байгууллагын барилга байгууламжийн чанар, эрүүл ахуйн стандартыг бодитоор мөрдүүлэх, дотоод орчны агаарын чанарт тогтмол үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Related Stories

Сургуулийн анги танхимын агаар дахь PM2.5 тоосонцор ДЭМБ-ын зөвлөмжөөс 5.6 дахин өндөр гарчээ | Ubfocus