Өнөөдрийн зурхай
Ubfocus

Т.Бат-Оргил: Золбин нийгэм нь төр мөхсөний шинж

Sarantsetseg
Author
August 9, 2026
3 min read
149 views
Т.Бат-Оргил: Золбин нийгэм нь төр мөхсөний шинж

Харанхуй шөнө муухай хашхиралдан тоглох багачууд, хүүхэд нь сурроноор хүн дайрчихад үл гэмших эцэг эх, түргэн тусламжийн тэрэгт зам тавих нь бүү хэл албаар саад болж байгаа жолооч, гэрлэн дохио дээр зогсож байсан мотоциклтэй бүсгүйг араас нь албаар ирж мөргөх автобус, учраа бөхөө газар шидэж бэртээх бөх, түүнийг үргэлжлүүлэн шүтэх ёс төр, шударга ёсыг умартсан бишрэгчид, шөнийн цагаар хурдан морины уралдаан зохион байгуулах уяачид, хоорондоо хүн шиг ярьж чадахаа байж нохой шиг уралцах иргэд – энэ бүгд хоорондоо холбоогүй үзэгдлүүдийн санамсаргүй цуглуулга биш юм. Энэ бол мөхсөн төрийн илрэл гэвэл олон хүнд цочирдом сонсогдох байх. Юун бэлэггүй юм ярьдаг юм, битгий мэдэмхийр, чи өөрөө хэн бэ гэх зэрэг нөгөө л нэгнээ дайрдаг бүх үгсээ урсгах нь ойлгомжтой. Хэн юу гэх нь хамаагүй. Бодит байдал энэ. Зөв онош тавилгүй эмчилгээ хийх боломжгүй. Үгүй бий ийм өвчин тусаагүй гэж үгүйсгэж явдаг хүмүүс зөндөө. Тэд өвчнөө улам хүндрүүлж, сүүлд нь хүлээн зөвшөөрсөн ч нэгэнт оройтсон байдаг. Бидний үндэстэн оройтоогүй байгаасай гэж би чин сэтгэлээсээ найдаж байна.

Төр, засаг хоёрыг бид л хоршоо үг болгон хольж ярьдаг болохоос хоёр өөр ухагдахуунууд юм. Монголд засаг нь бий, төр нь үгүй болсон. Учир нь, төр гэдэг нь тухайн ард түмэн болно - болохгүй, зөв – буруу, сайн – муу, нүгэл – буян гэдгийг ялгаж, хамт амьдрах дүрмээ тогтоодог маш том хүрээллийн бүтцийг хэлдэг. Засаг бол төр гэх тэр бүтцийн зөвхөн ил, албан ёсны жижиг хэсэг юм. Тэр дүрмийн нэлээд хэсгийг хууль болгон баталж, хуулиа албадлагаар хэрэгжүүлдэг аппаратыг засаг гэнэ. Төрийн нөгөө хэсэг бүрэлдэхүүн бол үндэсний сэхээтэн юм. Сэхээтэн гэдэг нь тухайн ард түмний оюун ухаан, ур чадвар, зориг, ёс суртахууны манлайлагчид, шилдгийн шилдгүүд гэсэн утгаар хэрэглэж байгаа үг болохоос дипломтой төдий, дуугарч ядсан, хямсгар, гялгар гэсэн утгаар нь хэлээгүй юм. Улс төр болоод төрийн жинхэнэ болоод асан албан хаагчид, шинжлэх ухаан, уран зохиол, урлаг, спорт гэх бүх салбаруудад тэргүүлдэг, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн, манлайлдаг хүмүүс бүгд нийлээд төрийн албан бус тэр хэсгийг бүрдүүлж, дээрх дүрмүүдийг маш урт удаан хугацаанд харилцан ойлголцож байж бий болгодог. Үндэсний сэхээтэн устаж, хувиа хичээсэн бэртэгчнүүд болж доройтоход төр мөхдөг. Яг энэ үйл явдал бидний өмнө өрнөж байгааг бид харж байгаа нь энэ билээ. Зөв бурууг ч ялгаж чадахгүй, нэгтгэх үндэсний санаа ч байхгүй зон олон нь хүн сүрэг болж уруудаж байна. Засаг нь ганцаараа дураар галзуурч, түүний чанар ч шалдаа бууж боловсрол, соёл, ёс суртахууны аль ч шалгуураар тэнцэхгүй хэнээтнүүдийн дураар авирлах индэр болов. Боловсон хүчнээ шүүж шилэх сэхээтний том цөөрөм байхгүй болохоор намынхаа балчиг дотроос л хамгийн үнэнч, зарчимгүй хиа, шивэгчнээ тохоон томилж төрийн албыг үндсэндээ устгаад дууслаа.
Ард түмэн нь өөрөө сэхээтнээ төрүүлдэг тариан талбай ч атаршиж, зэрлэгүүдээр дүүрч сэхээтэн ч мэндлэх үндэсгүй боллоо. Одоо үлдсэн хэдэн сэхээтэн (хэрэв тийм сэхээтэн үлдсэн бол) нийлж, хүчээ хавсран ажлаа хийж эхлэх хэрэгтэй байна. Хамгийн түрүүнд ард түмнийхээ сүнс сүлдийг аврах хэрэгтэй байна. Одоогийн байдлаар золбирол үнэхээр түгшүүртэй хэмжээнд хүрснийг надаар хэлүүлэлгүй сохор биш л бол бүгд харж байна. Яг л 1920-д оны дараах ЗХУ-ын байдалтай нэн төстэй байгаа тул тэр үед ямар арга хэмжээ авч, 1950-1960 оны боловсон хүчний нөөцөө бүрдүүлж чадсаныг бид судалж, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна. А.Макаренко нь эцэг эхээ алдсан, золбин хүүхдүүдийг хүмүүжүүлэх бүхэл бүтэн сурган хүмүүжүүлэх арга боловсруулсныг бид сайтар судалж, хэрэглэх хэрэгтэй байна. Түүнийг орчин үеийн Social and Emotional Learning аргатай хослуулж, залуу үе аврах, өсгөн торниулах хэцүү боловч ариун үүрэг бидний үеийнх билээ. Засгийг хараад нэмэргүй. Тэднийг юу хийж чаддаг, юу хийж чаддаггүйг бид одоо бүгд мэднэ. Монголын ард түмэн сэхээтнээ эцсийн хүчээ шавхан хүлээж байна.
Монголын сэхээтэн ЧИ хаана байна?

Related Stories