Өнөөдрийн зурхай
Ubfocus

Үндсэн хуулийн цэц Зохиогчийн эрхийн тухай хуулийн нэг заалтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ

Sarantsetseg
Author
June 24, 2026
2 min read
375 views
Үндсэн хуулийн цэц Зохиогчийн эрхийн тухай хуулийн нэг заалтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 24-ний өдөр болж, Зохиогчийн эрхийн тухай хуулийн зарим зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр баталсан Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ" гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаан үүссэн юм.

Үндсэн хуулийн цэц уг асуудлыг хянан хэлэлцээд дээрх зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан "Төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална", Долдугаар зүйлийн хоёр дахь хэсгийн "Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч мөн", Арван зургадугаар зүйлийн гурав дахь заалтын "Хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй", мөн зүйлийн найм дахь заалтын "Оюуны бүтээлийн үр шимийг хүртэх эрхтэй" гэсэн заалтуудад нийцээгүй гэж үзжээ.

Иймд Үндсэн хуулийн цэцээс Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэж, энэ талаар 2026 оны 05 дугаар дүгнэлтийг гаргасан байна.

Уг шийдвэр нь хамтын бүтээл туурвисан зохиогчдын оюуны өмчийн эрх болон өв залгамжлалын эрхийг Үндсэн хуульд нийцүүлэн хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байна.

Related Stories