УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилжээ.
Тодруулбал, тус хуулийн 25.7-д заасан өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан тохиолдолд хуулийн 25.1 дэх хэсгийн зохицуулалт хамаарахгүй гэсэн заалтад “хүрэн баавгай” гэдгийг нэмж тусгах санал гаргасан байна.
Ингэснээр хүн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар хүрэн баавгай агнасан тохиолдолд дээрх зохицуулалтад хамруулах эрх зүйн үндэс бүрдэх юм.
Сүүлийн саруудад суурин газарт баавгай үзэгдэх тохиолдол нэмэгдэж, иргэдийн аюулгүй байдалд эрсдэл үүсээд буй. Улсын Онцгой комиссын мэдээллээр, суурин газарт баавгай үзэгдсэн 550 гаруй тохиолдол бүртгэгдэж, есөн баавгайг агнаж устгажээ.
Гэвч хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарсны дараа л иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх асуудал хөндөгдөж байна.
Зэрлэг амьтдыг хамгаалах нь байгаль орчны бодлогын чухал хэсэг боловч хүн, зэрлэг амьтны зөрчлийг бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах бодитой арга хэмжээ авах шаардлага тулгарч буй юм.
Хүрэн баавгайг суурин газраас холдуулах чиглэлээр өмнө нь алим, жимс тавих зэрэг арга хэмжээний талаар ярьж байсан ч эрсдэлийг бууруулах цогц бодлого, шуурхай хариу арга хэмжээ хангалттай хэрэгжсэн эсэх асуудал анхаарал татаж байна.





