Өнөөдрийн зурхай
Ubfocus

Багануурт 134 сая ам.долларын хөрөнгө оруулалттай нүүрс-пиролизын үйлдвэр байгуулна

Sarantsetseg
Author
August 9, 2026
2 min read
195 views
Багануурт 134 сая ам.долларын хөрөнгө оруулалттай нүүрс-пиролизын үйлдвэр байгуулна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК хамтран хэрэгжүүлэх "Нүүрс-пиролизын үйлдвэр" төслийн хамтын ажиллагааны чиглэл, хүрээг албан ёсоор тодорхойллоо.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай нар Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Төслийн хүрээнд Багануурын уурхайг түшиглэн 134 сая ам.долларын хөрөнгө оруулалттай нүүрс-пиролизын үйлдвэр байгуулж, 2028 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Албаныхны мэдээлснээр энэхүү төсөл нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, нүүрсийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон боловсруулах, импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улмаар гадагш чиглэсэн валютын урсгалыг бууруулах стратегийн ач холбогдолтой юм.

Үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор жилд:

  • 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулах,

  • 600 мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэх,

  • 82–84 мянган тонн нүүрсний давирхай гаргах,

  • 40 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд үүнээс 26 МВт-ыг төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэхээр тооцоолсон байна.

Төслийн санхүүжилтийг нийслэл, "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК болон дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, түншүүдийн оролцоотой гурван талт хэлбэрээр бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Харин төслийн удирдлагыг нийслэл болон "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК-ийн харьяа "Эрдэнэс ҮТП" компани хамтран хэрэгжүүлэх бөгөөд санхүүжилтийн механизмыг боловсруулж, төслийн хэрэгжилтийг "Улаанбаатар түншлэл төв" ХХК хариуцах юм.

Related Stories