Өнөөдрийн зурхай
Ubfocus

"Чингис хаан" үндэсний музей БНСУ-тай усан доорх археологийн судалгаа, тусгай үзэсгэлэнгийн хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Sarantsetseg
Author
July 31, 2026
1 min read
96 views
"Чингис хаан" үндэсний музей БНСУ-тай усан доорх археологийн судалгаа, тусгай үзэсгэлэнгийн хамтын ажиллагаагаа эхлүүллээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны төвийн эрхлэгч Т.Энхтунгалаг нар Бүгд Найрамдах Солонгос Улсад албан томилолтоор ажиллаж, тус улсын соёлын өвийн байгууллагуудын удирдлагуудтай албан уулзалт хийлээ.

Тэд БНСУ-ын Үндэсний Соёлын өвийн захиргааны дарга Хо Мин, Үндэсний Далайн соёлын өвийн хүрээлэнгийн захирал И Ын Сог, Үндэсний ордон музейн захирал Бэ Мин Сон тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзан, соёлын өвийн салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр БНСУ-ын мэргэжилтнүүдийг энэ оны есдүгээр сард Монгол Улсад ажиллуулахаар тохиролцжээ. Тэд "Чингис хаан" үндэсний музейн судлаачидтай хамтран усан доорх археологийн малтлага, судалгааны бэлтгэл ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн бүсэд тандалт, урьдчилсан судалгаа хийх юм.

Мөн талууд усан доорх археологийн судалгаа, соёлын өвийн чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллах, харилцан туршлага солилцохын зэрэгцээ хамтарсан тусгай үзэсгэлэн зохион байгуулахаар тохиролцсон байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны арваннэгдүгээр сард "Чингис хаан" тусгай үзэсгэлэнг БНСУ-ын Үндэсний ордон музейд дэлгэхээр болж, үзэсгэлэнгийн бэлтгэл ажлыг албан ёсоор эхлүүлжээ.

Албан томилолтын үеэр Монголын төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний Далайн соёлын өвийн хүрээлэнгээс сэргээн босгосон Чусон улсын үеийн худалдааны хөлөг онгоцыг Пусан хотын тэнгист аялуулах ёслолын арга хэмжээнд хүндэт зочноор оролцсон талаар "Чингис хаан" үндэсний музей мэдээллээ.

Related Stories

"Чингис хаан" үндэсний музей БНСУ-тай усан доорх археологийн судалгаа, тусгай үзэсгэлэнгийн хамтын ажиллагаагаа эхлүүллээ | Ubfocus