Өнөөдрийн зурхай
Ubfocus

Ц.Идэрбат: No Brand-ийн нээлт худалдааны салбарын шинэ алхам боллоо

Sarantsetseg
Author
July 10, 2026
2 min read
319 views
Ц.Идэрбат: No Brand-ийн нээлт худалдааны салбарын шинэ алхам боллоо

БНСУ-ын Emart компанийн No Brand сүлжээ дэлгүүр Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, Яармаг дахь UB Autocom худалдааны төвд No Brand – City Hall нэртэй анхны салбараа нээлээ.

Нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Ким Жон Гвань, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат болон хоёр улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцов.

Арга хэмжээний үеэр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат олон улсын стандарт, орчин үеийн менежмент, хэрэглээний шинэ соёлыг Монголын худалдааны салбарт нутагшуулахад энэхүү хөрөнгө оруулалт чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцоллоо.

Тэрбээр мөн худалдаа, үйлчилгээний салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 10.4 хувийг бүрдүүлж, 195 мянга гаруй иргэнийг байнгын ажлын байраар хангаж, нийт ажиллах хүчний 21 хувийг эзэлдэг болохыг дурдав. Улсын хэмжээнд 41 мянга орчим аж ахуйн нэгж энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нь хэрэглэгчдийн сонголтыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.

No Brand нь "Брэндийн нэр хүндээс илүү хэрэглэгчийн бодит хэрэгцээ, чанар, үнэ цэнийг эрхэмлэнэ" гэсэн үзэл баримтлалтайгаар өдөр тутмын хүнс болон өргөн хэрэглээний чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгодгоороо онцлогтой.

Монгол дахь анхны салбар ашиглалтад орсноор хэрэглэгчдийн сонголт өргөжиж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг илүү хүртээмжтэй худалдан авахын зэрэгцээ Монгол, БНСУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

Related Stories