Өнөөдрийн зурхай
Ubfocus

COP17-ын өмнө Монгол Улс уур амьсгалын тухай суурь хуулиа батлав

Sarantsetseg
Author
July 2, 2026
2 min read
179 views
COP17-ын өмнө Монгол Улс уур амьсгалын тухай суурь хуулиа батлав

Улсын Их Хурал 2026 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Хууль батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Э.Болормаа болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийв.

Ажлын хэсгийнхэн энэ хууль батлагдсанаар Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг анх удаа бие даасан эрх зүйн зохицуулалттай болгож, урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь орчин бүрдсэнийг онцоллоо.

Хуулиар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох бодлогыг төрийн бүх шатанд уялдуулан хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтыг хэрэгжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих, Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэж байна.

Мөн уур амьсгалын санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээл, хүлэмжийн хийн тооллого, тайлагнал, ил тод байдлын тогтолцоог анх удаа хуулиар зохицуулж, төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоонд тулгуурласан цогц тогтолцоог бүрдүүлэхээр тусгажээ.

УИХ-ын гишүүдийн зүгээс энэхүү хууль нь зөвхөн байгаль орчны салбарын бус, эдийн засаг, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалт зэрэг олон салбарын бодлоготой уялдах стратегийн ач холбогдолтойг онцолсон байна.

Түүнчлэн COP17 олон улсын хурлыг зохион байгуулахын өмнө Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр эрх зүйн суурь шинэчлэлээ бүрдүүлж чадсан нь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой хөгжил, ногоон шилжилтийг эрчимжүүлэхэд чухал алхам болсныг онцлон тэмдэглэлээ.

Related Stories

COP17-ын өмнө Монгол Улс уур амьсгалын тухай суурь хуулиа батлав | Ubfocus