Гадаад улсад хөдөлмөр эрхлэх, гэрээгээр ажиллах болон суралцах иргэд, оюутнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг эхэлсэнтэй холбоотойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн (ХӨСҮТ) амбулаторийн үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгджээ.
Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу амбулаторийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчлүүлэгчдийн хүлээлт, ачааллыг бууруулах зорилгоор зохион байгуулалтын хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тодруулбал, Амбулаторийн тасгийн цахим бүртгэл болон хүлээн авах хэсгийн ажилтнуудын ажлын эхлэх цагийг 08:00 болгон өөрчилж, иргэдэд үйлчлэх бэлтгэлийг эрт эхлүүлэхээр зохион байгуулжээ.
Мөн төлбөр төлөх хэсэгт үүсдэг ачааллыг бууруулах зорилгоор ПОС төхөөрөмжийн тоог нэмэгдүүлж, QR кодоор төлбөр хийх боломжийг илүү олон цэгт үе шаттайгаар нэвтрүүлж байгаа аж.
Эдгээр зохион байгуулалтын арга хэмжээний үр дүнд өглөөний оргил цагийн үйлчлүүлэгчдийн бөөгнөрөл, хүлээлт мэдэгдэхүйц буурч, амбулаторийн үйлчилгээний урсгал жигдэрч, иргэдэд үзүүлэх үйлчилгээ илүү шуурхай болж байгааг ХӨСҮТ мэдээллээ.

Тус төвөөс цаашид ч иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулж, үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг төлөвшүүлэх чиглэлээр зохион байгуулалтын бодитой арга хэмжээг үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ онцолсон байна.





