Кени улсад Эбола вирусийн халдварын хоёр дахь тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын Эрүүл мэндийн яам аравдугаар сарын 14-нд мэдээлжээ.
Хоёр дахь өвчтөн нь 39 настай эрэгтэй бөгөөд тус улсад бүртгэгдсэн анхны тохиолдлын ойрын хамаатан аж. Тэрбээр халдвар авсан байж болзошгүй хавьтлын нэгээр тогтоогдож, хорио цээрийн дэглэмд өдөр бүр хяналтад байх үедээ аравдугаар сарын 13-нд халуурах, ядрах, үе мөч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрчээ.
Эрүүл мэндийн ажилтнууд түүнийг нэн даруй тусгаарлаж, шинжилгээ авахад Эбола вирусийн халдвар авсан нь батлагдсан байна. Одоогоор өвчтөн тусгай эмчилгээний төвд эмнэлгийн тусламж авч байгаа аж.
Кени улсад анхны тохиолдол нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсаас буцаж ирсэн иргэнтэй холбоотой бөгөөд тухайн өвчтөн аравдугаар сарын 5-нд нас барсан юм.
Албаныхны мэдээлснээр, хоёр тохиолдол хоорондоо холбоотой бөгөөд хүн амын дунд өргөн хүрээнд халдвар тархсан шинж тэмдэг одоогоор илрээгүй байна. Халдвар авсан байж болзошгүй хавьтлуудыг илрүүлэх, тусгаарлах, хил болон нисэх буудлуудад хяналт шалгалтыг чангатгах арга хэмжээг үргэлжлүүлж байна.
Эбола нь хүнд хэлбэрийн халдварт өвчин бөгөөд халдвар авсан хүний цус болон биеийн бусад шингэнтэй шууд харьцах замаар дамжих боломжтой. Иймээс эрүүл мэндийн байгууллагуудын хяналт, эрт илрүүлэлт, халдвар хамгааллын дэглэм чухал ач холбогдолтой юм.





