Өнөөдрийн зурхай
Ubfocus

Монгол Улс хүүхдийн сошиал хэрэглээг хуулиар зохицуулна

Sarantsetseg
Author
July 22, 2026
2 min read
545 views
Монгол Улс хүүхдийн сошиал хэрэглээг хуулиар зохицуулна

Монгол Улсад хүүхдийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах, эрхийг нь хамгаалах зорилготой "Хүүхдийн цахим орчин дахь аюулгүй байдлын тухай" хуулийн төслийг Улсын Их Хурлын 2026 оны намрын чуулганд өргөн барихаар болжээ.

Хуулийн төсөл батлагдвал 2027 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгүүлэхийг хязгаарлах зохицуулалт хэрэгжинэ.

Харин 13 ба түүнээс дээш насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн оролцоотойгоор, өөрийн жинхэнэ мэдээллээр цахим орчинд бүртгүүлэх боломжтой болох юм.

Хүүхдийн цахим хэрэглээ нэмэгдэж байна

Судалгаагаар Монголын хүүхдүүдийн 30 орчим хувь нь өдөрт дөрвөөс дээш цагийг нийгмийн сүлжээнд өнгөрүүлдэг байна. Зарим хүүхэд хоёр настайгаасаа ухаалаг төхөөрөмж ашиглаж эхэлдэг бөгөөд үүнээс үүдэн цахим орчинд донтох, хувийн мэдээлэл алдагдах, цахим дарамт, мөлжлөг зэрэг эрсдэлд өртөх тохиолдол нэмэгдэж байгааг хууль санаачлагчид онцолжээ.

Олон улсын жишгийг харгалзан боловсруулжээ

Хуулийн төслийг боловсруулахдаа олон улсын стандарт, эрх зүйн зохицуулалтыг судалсан байна.

Тухайлбал, Австрали улс 16 хүртэлх насны хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хуулиар хязгаарласан бол Европын зарим улс, Бразил, Филиппин, Индонез, Сингапур, Өмнөд Солонгос зэрэг орон хүүхдийн цахим аюулгүй байдлыг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлээд байна.

12 мянга гаруй иргэний саналыг тусгажээ

Нийт зургаан бүлэг, 20 зүйлтэй хуулийн төслийг боловсруулахдаа 12 мянга гаруй иргэн оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Мөн нийслэлийн есөн дүүргийн 175 сургуулийн багш, нийгмийн ажилтан, 13-16 насны 1100 гаруй хүүхэдтэй уулзаж санал авсан бөгөөд D-Parliament платформоор дамжуулан 2100 орчим хүүхэд, эцэг эхийн саналыг нэгтгэжээ.

"Үг хэлэх эрх чөлөөг хязгаарлахгүй"

Хуулийн төслийг хамтран санаачлагч, УИХ-ын гишүүн Ч.Анар хэлэхдээ, технологийн компаниуд өмнө нь Монгол Улсад энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалт байхгүйг шалтгаалан хүүхдийн хандалтыг хязгаарлах технологийн шийдлийг нэвтрүүлдэггүй байсан гэв.

Тэрбээр хуулийг 2027 оны есдүгээр сараас хэрэгжүүлэхээр тусгасан нь Харилцаа холбооны зохицуулах хороо болон үүрэн холбооны оператор компаниудад шаардлагатай технологийн шинэчлэл, холболтыг хийх хугацаа олгох зорилготой гэж тайлбарласан юм.

Мөн цар тахлын үеэс сургуулиуд Facebook Messenger-ээр хичээлийн даалгавар өгдөг болсон практикийг өөрчилж, хүүхдүүдийг боловсролын зориулалттай, аюулгүй платформ руу шилжүүлэх шаардлагатайг онцолжээ.

Харин уг хууль нь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлахгүй, зөвхөн хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн зохицуулалт болохыг хууль санаачлагчид онцолсон байна.

Related Stories